Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд бий болсноор Улаанбаатар хотын замын түгжрэл 36 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурна
Сүүлийн арван жилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ердөө 11 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.  Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэхээр эхний ээлжд Сэлбэ дэд төвийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар болон чингэлтэй дүүргийн зарим хороодод газар чөлөөлөхөөр иргэдтэй зөвшилцөж, хөрөнгийн үнэлгээ хийж эхэлжээ. Тус хэсгийн газар чөлөөлөлтийг хийж 12.000 айлын орон сууц барих юм байна.

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талбарт чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 2206 нэгж талбар өртөж байгаагаас 1203 өрх санал асуулгад оролцож, 96 хувь нь тус төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Одоогоор иргэд, айл өрхүүдээс нийгэм, эдийн засгийн судалгааг авч, газар болон хөрөнгийн үнэлгээг гаргах ажлууд үргэлжилж байна.

Одоогоор газар чөлөөлтөд орох Сүхбаатар болон чингэлтэй дүүргийн зарим хороодын иргэдтэй уулзаж хөрөнгийн үнэлгээг хийх, зөвшилцөлд хүрэх ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн газар чөлөөлөлтөд өртөх айл өрхүүд бэлэн мөнгөөр газраа шууд зарах эсвэл тухайн хэсэгт 12.000 айлын нам давхрын орон сууцууд баригдах хүртэл түрээсийн байранд амьдарч, байр ашиглалтад ороход шилжин суурьших боломжтой юм байна. Түүнчлэн бэлэн баригдсан орон сууцанд шууд оруулах зэргээр иргэдийг хохиролгүй байлгахаар зохицуулалт хийжээ.

Мөн Сэлбэ дэд төв байгуулж орон сууцжуулах ажлын хүрээнд газар чөлөөлтөд орон тухайн хэсэгт дэд бүтцийн асуудлыг  шийдээд байна. Тухайлбал, дулааны цахилгаан станц, хатуу хучилттай авто зам барьж байгуулжээ. Газар чөлөөлөлтийн ажил нь ямар нэг албадлага байхгүй. Зөвшилцсөний үндсэн дээр хийж байгаа гэдгийг албаныхан хэлж байсан юм. Мөн Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд бий болсноор Улаанбаатар хотын замын түгжрэл 36 хувь, агаарын бохирдол 22 хувиар буурна гэсэн судалгаа гарчээ.