Польшийн Үндэсний Прокурорын газраас Украины ерөнхийлөгчийг хөнөөх Оросын тусгай албаны төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй өөрийн улсын иргэнийг баривчилснаа мэдэгджээ
Өнгөрсөн Пүрэв гарагт Польшийн Үндэсний Прокурорын газраас Украины ерөнхийлөгчийг хөнөөх Оросын тусгай албаны төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй өөрийн улсын иргэнийг баривчилснаа мэдэгджээ. Сэжигтнээр татагдсан этгээд нь Оросын тусгай албанд Польш-Украины хил дээр орших тусгай хамгаалалттай нисэх онгоцны буудлын тухай нарийн мэдээллийг дамжуулсан байж магадгүй байна.

Польшийн иргэн, Павел хэмээн нэрлэсэн этгээд нь “ОХУ-ын цэргийн тагнуулын албаны нэрийн өмнөөс ажилласан болон Украины дайнд үүрэг гүйцэтгэж байгаа Оросын алба хаагчидтай харилцаа холбоо тогтоож, эзлэн түрэмгийлэлд гар бие оролцсон” гэх хэргүүдэд буруутгагдах төлөвтэй байна. Хэрэв Польшийн цэргийн шүүх сэжигтнийг гэм буруутай гэж үзвэл Павел гэгч нь 8 болон үүнээс дээш жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.

Прокурорын байгууллагаас өгсөн тайлбарт өгүүлснээр “Сэжигтэн нь Польшийн зүүн өмнөд хэсэгт орших Ржешов-Жасионка нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын талаарх мэдээллийг цуглуулж, түрэмгийлэгчдэд дамжуулсан” гэжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський гадаад айлчлалаа хийхдээ дээр дурдсан нисэх онгоцны буудлаар тогтмол дамжин өнгөрдөг байна. Түүнчлэн Украиныг зорьж байгаа удирдагчид, улс төрчид, албаны хүмүүс болон Украин руу илгээж байгаа тусламжийн цуваа  Ржешов-Жасионка нисэх онгоцны буудлыг дамжин өнгөрдөг байна. Польшийн Гадаад Хэргийн сайд Радослав Сикорски Варшав-Киев хоёр хамтран ажиллаж түрэмгийлэгчдийн дараагийн хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоосныг сайшаасан байна.

Үүнээс гадна өнгөрсөн Пүрэв гарагт Германы хууль сахиулагчид Орос гаралтай хоёр цагаач иргэнийг баривчилснаа мэдэгдсэн бөгөөд тэд Кремлийн нэрийн өмнөөс тагнуул хийж, тэр дундаа Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг сулруулах зорилгоор Герман дахь ану-ын армийн байгууламж, агуулах руу халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг уламжилсан байна. Хоёр сэжигтнийг Бавари мужийн зүүн өмнөд хэсгийн Байройт хотод баривчилсан гэж Германы холбооны прокурорууд мэдэгдсэн байна.