Дээрэлхэлтийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал

Сургууль бол хүүхдийн хоёрдогч гэр гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Учир нь хүүхэд зөвхөн онолын мэдлэг авахаас гадна хүмүүжил, төлөвшлөө бүрдүүлж, дийлэнх цагаа сургуулийн орчинд өнгөрүүлдэг. Харин энэ орчинд гарч буй үе тэнгийнхний дээрэлхэлт нь сурагчдын эрүүл мэнд, сэтгэл санаа, сурлагын чанарт  сөргөөр нөлөөлж байна. Та бүхэнд зарим тоон мэдээллийг хүргэе.

  • 12-18 насныхныг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөж байсан гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж байжээ.
  • Мөн санал асуулгад хамрагдсан хүүхдүүдийн 38.3 хувь нь багш, нийгмийн ажилтан, сургуулийн атаманаас хамгийн их айдаг гэж хариулсан байна.
  • Тэгвэл үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалтад өртсөн хүүхэд болон дээрэлхсэн хүүхэд аль аль нь сэтгэл зүйн гүн дарамтад ордог байна. Сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 5 хүүхэд тутмын  1-д амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын 1 нь амиа хорлохыг оролджээ.
  • Зөвхөн энэ он гарснаас хойш буюу ердөө 3 сарын хугацаанд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн 256 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн үзүүлэлт байна. Үүний суурь шалтгаан нь өсвөр насны хүүхдүүдийн дундах үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхалтын асуудал байна.

Тиймээс сургуулийн орчинд нэг нэгнээ ойлгох эерэг нөлөөллийг бий болгохоор цагдаагийн ерөнхий газраас “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” нэртэй аяныг санаачлан улсын хэмжээнд өрнүүлж эхэлсэн. Харин өнөөдөр нийслэлийн 3000 мянган сурагчдын дунд аяныг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Мэргэжилтнүүдийн судалгаагаар дээрэлхэлт, гадуурхалт үйлдэж байгаа сурагч өөрөө ямар нэг байдлаар сэтгэл зүйн хувьд гэмтсэн байдаг нь тогтоогджээ. Улмаар нэг удаагийн санаатай болон санамсаргүй үйлдлээр хэн нэгнийг дээрэлхсэн бол тухайн үйлдлээ дахин давтах магадлал өндөр болдог байна. Тиймээс эргэн тойрныхон болоод багш, мэргэжлийн ажилтнуудын дэмжлэг, эерэг нөлөөлөл хамгийн чухал гэдгийг сурагчид хэлж байна.

Тэгвэл дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй аян нь энэхүү эерэг нөлөөллийг сургуулийн орчинд бий болгох зорилготой байна. Аяныг цагдаагийн ерөнхий газар санаачлан боловсролын ерөнхий газар, нийслэлийн боловсролын газартай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр 3000 сурагч, багш ажилтнуудыг хамруулсан арга хэмжээг зохион байгууллаа.      

Улсын хэмжээнд дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй нөлөөллийн аян өрнөж эхлээд 10 гаруй хоног болжээ. Энэ хугацаанд ерөнхий боловсролын 700 гаруй сургууль, 290 мянга сурагч, 140 мянган эцэг эхэд шууд хүрч ажилласан байна. Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлтийг илрүүлэх зорилгоор “мэдээлэл авах хайрцаг” байрлуулжээ. Мөн цахим орчин, гэр бүлийн хүрээлэл зэрэг нийгмийн нэгж бүрд хүрч ажиллахаар нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.