БНХАУ-ын Гуандун мужид үргэлжилсэн аадар бороо орсны улмаас олон сая хүн үерийн гамшигт өртөх эрсдэлтэй байна

Өнгөрсөн Бямба гаргаас эхлэн БНХАУ-ын Өмнөд бүс нутгийн Гуандун мужид үргэлжилсэн аадар бороо орсны улмаас бүс нутгийг дайран өнгөрдөг гол мөрний усны түвшин нэмэгдэж, суурин газрыг усанд автуулахад тун ойрхон болжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид Гуандун мужийн 127 сая оршин суугчийг гамшгаас хамгаалах шуурхай төлөвлөгөө хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Хятад улсын өмнөд бүс нутагт үргэлжлэн орсон аадар борооны дараа тус бүс нутгийг дайран өнгөрдөг Сижян,Бээжин голын сав газар, мөн цутгал жижиг голуудын усны түвшин сүүлийн 50 жилийн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Гуандун мужийн эрх баригчид оршин суугчдыг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж гамшгийн үеийн төлөвлөгөө боловсруулахыг орон нутгийн засаг захиргааны алба нэгж бүрд уриалсан төдийгүй хоол хүнс, хувцас, ундны ус, хоргодох байр бэлтгэх үүрэг чиглэл өгсөн байна.

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын хэд хэдэн бүс нутагт цаг агаар хэт халсны дараа үргэлжилсэн аадар бороо орж, хүчтэй салхи шуурга дэгдсэн байна. Харин өнгөрсөн Бямба гаргийн оройн 20 цагаас эхлэн Гуадун болон бүс нутгийн хэмжээнд 12 цаг үргэлжилсэн аадар бороо орсны дараа тус мужийн төв болон хойд хэсгийн Жаочин, Шаогуан, Чингюань, Жянмэнь хотууд үерт автжээ. Чингюань хотын засаг захиргаа өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлснээс гадна сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.

Түүнчлэн Гуандун мужийн хамгийн их хүн амтай буюу 18 сая оршин суугчтай Гуанжоу хотод усны түвшин үерийн далангуудын хязгаарт хүрч, зам талбай усанд автсаны дараа хотын шилжиж хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нислэгүүдийг цуцалжээ.

Ирэх өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орсоор байвал үерийн гамшиг өргөн хүрээг хамарч болзошгүй байгааг цаг уурын байгууллагаас анхааруулсан байна.