Нийслэлийн 168-р дунд сургуулийн ойр орчимд сурагчид зорчиход хүндрэлтэй байна

Нийслэлийн СХД-ийн 40-р хороонд 1000 гаруй хүүхдийн багтаамжтай 168-р дунд сургууль шинээр ашиглалтад орсон ч гэр хороолол дунд баригдсан сургуулийн эргэн тойронд тохижилт байхгүй, засмал замгүй тул шавар шавхай ихтэй орчинд хүүхдүүд явган зорчиход битгий хэл авто машинаар хүүхдүүдээ хүргэж өгч авахад хүндрэлтэй байгааг эцэг эхчүүд ярьж байна.

Сонгинохайрхан дүүргийн 40-р хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 168-р сургууль нь өнгөрсөн онд ашиглалтад орж, 1-р сараас сурагчдаа элсүүлэн сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус сургууль нь СХД-ийн 40, 41-р хорооны хүүхдүүдийг хамруулах мөн тус дүүргийн 124-р сургуулиас хүүхдүүдийг шилжүүлэн суралцуулах зорилгоор баригджээ. Нэг дор нийт 1000 гаруй хүүхэд сургах бүрэн боломжтой ч одоогийн байдлаар 500 гаруй хүүхэд л хүлээн аваад байгаа юм. Учир нь тус сургууль гэр хороолол дунд баригдсан, сургуулийн эргэн тойронд тохижилт байхгүй, засмал замгүй тул шавар шавхай ихтэй хүүхдүүд шилжин ирэх боломжгүй байгаа юм. Иймд тус хэсгийн замыг энэ зундаа багтааж засвал ирэх 9-р сард нэмэлтээр 500 гаруй хүүхдүүд шилжин ирж нийт 1000 гаруй хүүхдүүдийг сургах бүрэн боломжтой гэдгийг сургуулийн захиргаанаас хэлж байна.

Тэгвэл эцэг эхчүүдийн хувьд сургууль руу хоёр талаас нь орох боломжтой ч хавар шар усны үер бууж шавар, шавхай ихтэй байгаа учир явган зорчих нь байтугай автомашинаар хүүхдээ хүргэж өгөхөд туйлын хүндрэлтэй байгааг хэлж байна. Мөн сургуулийн эргэн тойронд тохижилтгүй, суваг шуудуу ихтэй байгаа нь бага ангийн хүүхдүүдийн аюулгүй орчинд байх эрх зөрчигдөж байгаа юм. Иймд тус хэсгийн замыг яаралтай засварлаж, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах боломжоор хангаж өгөхийг эцэг эхийн төлөөлөл холбогдох байгууллагуудаас хүсэж байна.

Тэгвэл тухайн хэсгийг хариуцсан холбогдох албаны хүмүүсээс зам засварын ажил хэзээ эхлэх талаар мэдээлэл авахыг хүссэн боловч цас мөс хайлж дуусахаар засахаар төлөвлөж байгаа гэхээс өөр хариулт өгөөгүй юм.