1, 5 гэсэн тэмдэглэгээтэй хуванцар саванд айраг, сүү, ундны усаа хадгалж болно     

Манай улсад хүнсний зориулалтын импортын сав хомс байдгаас ийм төрлийн сав суулгыг хүнсний зориулалтаар ашиглах талаарх иргэдийн мэдлэг муу байна. Тиймээс олон төрлийн өвчний шалтгаан болж байгаа хүнсний зориулалтын бус цэнхэр, шар савыг иргэд хоол хүнсээ хадгалах, зөөж тээвэрлэхэд ашигласаар байна.

Эдгээр шар болон цэнхэр сав нь барилгын материал, химийн бодис, техникийн тос тээвэрлэх, хадгалах зориулалттай байна. Гэтэл манай улсад хавар, зундаа айраг, аарц, сүүгээ энэ хуванцар саванд хадгалж, өвөлдөө үүнийгээ хэрэглэдэг.  Үүнээс гадна өдөр бүр ундны усаа иргэд зөөж байгаа. Энэ нь хэт халах эсвэл хэт хүйтэрдэг манай оронд бүх төрлийн хортой, хоргүй хавдар, мэдрэлийн саажилт, чихрийн шижин, үргүйдэл зэрэг олон төрлийн өвчин эмгэг үүсгэх үр дагавартай юм.

Ийм хэмжээний хор хөнөөлтэй ч иргэд яагаад өнөөг хүртэл зориулалтын бус хуванцар савыг хүнсэндээ хэрэглэж байна вэ, яагаад хэрэглээнээсээ халж чадахгүй байгаа вэ? Үүний шалтгаан нь бидний хэрэглэж байгаа цэнхэр, шар савыг орлуулах хүнсний зориулалттай савыг олж авахад хүндрэлтэй, олддоггүй гэдгийг иргэд хэлж байсан юм.

Шар болон цэнхэр савыг барилгын материал, химийн бодис, техникийн тос тээвэрлэж ашигласны дараа угааж цэвэрлэн хүнсэндээ ашиглах бус харин дахин боловсруулах боломжтой юм байна. Ингэснээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах хохирол, хор хөнөөлийг багасгах юм.

Нэг өрх дунджаар 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар савыг өдөр тутмын амьдралдаа ашигладаг гэсэн судалгаа байна. Энэ хэрэглээг багасгахын тулд өдөр тутмын хэрэглээнд өргөн хэрэглэгддэг 2, 3, 4, 6, 7 тэмдэглэгээ бүхий савуудыг хүнсний зориулалтаар дахин ашиглаж болохгүй гэдгийг иргэд мэддэг байх хэрэгтэй. Харин 1, 5 гэсэн тэмдэглэгээтэй хуванцар саванд айраг, сүү, ундны усаа хадгалж болох юм байна.