Төлөвлөлтгүй газар олголтоос үүдэн иргэдийн гэр рүүгээ орж гарах гарц хаагджээ

Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй баригдсан барилга, байгууламжаас үүдэн нийслэлийн иргэд олон хүндрэл туулж байгаа. Иргэд авто машины зогсоолгүй, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайгүй байсаар олон жилийг үдэж байгаа бол одоо газар олголтоос үүдэж гэр рүүгээ ч орж гарах гарцгүй болоход хүрчээ.

Иргэн Б.Болормаа өөрийн хашаагаа 2018 оноос хойш ашиглаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байна. Учир нь тэдний гэрийг тойруулж, хашиж өндөр орон сууцуудыг барьж байгуулжээ. Үүнээс шалтгаалж гэр рүүгээ орж гарах хөдөлгөөн нь хаагдаж өөр газар луу нүүсэн байна.

Улаанбаатар хотод төлөвлөлтгүй баригдсан олон мянган өндөр барилгаас үүдэж хохирсон иргэд цөөнгүй. Төлөвлөлтгүй баригдсан барилга, байгууламжаас иргэд хохирдог энэ байдлыг халахын тулд дүүргийн засаг дарга нарын газар олгохыг зогсоосон байдаг. Тодруулбал, төвийн зургаан дүүрэгт энэ шийдвэр нь хамааралтай бөгөөд захын гурван дүүрэг буюу Багахангай, Багануур, Налайх дүүрэгт засаг дарга нь газар олгож болох юм.

Одоогоор Сэлбэ голын орчим, Баянзүрх дүүргийн Натур худалдааны орчмын орон сууцны барилга нь төлөвлөлтгүй баригдсанаас үүдэж бетонон ширэнгэн орон сууцны хорооллыг үүсгээд байна. Мөн яармагийн дэнж орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө хотын стандартгүйгээр баригдсан нөхцөл байдалтай байгаа билээ.