Германы хууль сахиулагчид БНХАУ руу дэвшилтэт технологи нийлүүлсэн байж болзошгүй гурван иргэнээ баривчилжээ

ХБНГУ-ын хууль сахиулагчид өөрийн улсын гурван иргэнийг Хятадын тагнуулын албатай хамтран цэргийн зориулалтаар ашиглаж болох дэвшилтэт технологийг Бээжингийн талд шилжүүлэн өгсөн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Өнгөрсөн долоо хоногт Германы Канцлер Олаф Шольц БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ оюуны өмчийн хулгай, зах зээлийн шударга өрсөлдөөн, дэвшилтэт технологийн нууцлалын асуудлыг хөндөн Бээжингийн эрх баригчидтай яриа хэлэлцээ өрнүүлсэн байна.

Харин Олаф Шольцын айлчлал өндөрлөснөөс хойш хэдхэн хоногийн дараа дээрх баривчилгаа болсон байна. Өчигдөр буюу Даваа гарагт Герман улсын Дотоод хэргийн сайд Нэнси Фэйзер, Хятадын тагнуулын үйл ажиллагаа тус улсын бизнес, аж үйлдвэр, шинжлэх ухааны салбарт ихээхэн аюул, эрсдэл  учруулж байгааг хэлжээ.

Тэрбээр өөрийн улсын гурван иргэн цэргийн зориулалтаар ашиглаж болох дэвшилтэт технологийг хууль бусаар Хятад улсад нийлүүлсэн байж болзошгүй байгаа тул шалгаж эхэлснийг онцолсон байна.

Харин БНХАУ-ын Берлин дэх элчин сайдын яамнаас тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэх буруутгалыг эрс няцааж байгаагаа уламжилжээ.

Хэргийн сэжигтнүүд нь өөрийн эзэмшлийн компаниар дамжуулан Германы их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд судлаачдын баг хөлслөн Германы Батлан хамгаалах салбарт ашигладаг дэвшилтэт технологийн эд анги, бүтцийг судлах ажлыг гардан гүйцэтгэсэн байж магадгүй байна.

Сэжигтнүүд Германы Батлан хамгаалах яамны гэрээлэгч компаниас хуурамч бичиг баримт ашиглан тусгай лазер төхөөрөмж худалдан авч, Хятад улс руу нийлүүлсэн хэрэгт буруутгагдаж байна.