ХБНГУ-ын Хэт барууны үзэл сурталт намын гишүүн Хятад улсын нэрийн өмнөөс тагнуул хийсэн хэргээр баривчлагджээ

Өнгөрсөн Мягмар гарагт Европын парламентад суудалтай Германы Хэт барууны намын гишүүний туслахыг тагнуулын хэрэгт буруутган баривчилжээ. Германы хуулийн байгууллагаас Европын парламентын гишүүний туслахыг нэгдсэн хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлыг Хятадын тагнуулын байгууллагад тайлагнасан гэж үзсэн байна.

Тэгвэл өнгөрсөн Даваа гарагт Германы прокурорууд өөрийн улсын гурван иргэнийг мөн Хятадын тагнуулын байгууллагад цэргийн зориулалттай технологи нийлүүлсэн хэрэгт буруутай гэж үзэн, шалгаж эхэлснээ мэдэгдээд байсан юм. Ээлж дараалсан тагнуулын хэргийн дуулиан нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Мягмар гарагт Германы прокурорууд “Германы төлөө Альтернатив намын гишүүн нь Хятадын тагнуулын байгууллагын нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” хэмээн мэдэгдсэн байна.

Тагнуулын хэрэгт буруутгагдсан сэжигтэн нь өнгөрсөн 1-р сараас хойш Европын Ассамблейн шийдвэрийн талаарх мэдээллийг Хятадын талд удаа дараа дамжуулсныг прокурорууд онцолжээ. Мөн сэжигтэн нь Герман дахь тэрс үзэлтнүүдийн талаар мэдээллийг цуглуулж, хүч хэрэглэн төрийн эргэлт хийхэд бэлтгэсэн байж болзошгүй юм байна.

Энэ мэдээлэл ил болсны дараа Германы бусад намын эрх баригчид Хэт барууны үзэл сурталт намын хууль тогтоогчдыг хариуцлагаа хүлээж албан тушаалаасаа огцрохыг шаардаж эхэлжээ.

Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас тагнуулын хэргүүд нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдсэн боловч нотлох баримтыг хэвлэлд танилцуулахаас татгалзсан байна.