2024 онд цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалт түүхэн дээд үзүүлэлтэд хүрнэ

Энэ жил цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн борлуулалт оргил үзүүлэлтдээ хүрэх төлөвтэй байна. Хэдийгээр эдийн засагчид энэ салбарын зах зээлийн өсөлт удааширч, эрэлт саарч байгаа гэж үзэж байгаа боловч олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид дээрх байр суурийг илэрхийлсэн байна.

Парист төвтэй олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид 2024 онд цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн борлуулалт 17 саяд хүрэх төлөвтэй байна гэж мэдээлсэн нь 2023 оны тоон үзүүлэлтээс 20 гаруй хувиар өсөн нэмэгдэхийг илтгэж байна.

Түүнчлэн шинжээчид цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбар дахь өрсөлдөөн ширүүсэж байгаа нь бүтээгдэхүүний үнийг бууруулж, үр дүнд нь хэрэглэгчид хожиж байгааг хэлж байна. Тэгвэл үнэ буурснаар 2030 он гэхэд цахилгаан болон дотоод шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өртөг ижил түвшинд хүрэх юм байна. Тесла, BYD тэргүүтэй цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх байр сууриа хадгалахын төлөө тэмцэж байгаа юм. Ширүүн өрсөлдөөн нь хоёр үйлдвэрлэгчийг хоёуланд нь бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахад хүргэсэн байна. Нөгөөтээгүүр уламжлалт хөдөлгүүрээс, цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих хувьслыг салбарын өрсөлдөөн хурдасгаж байгааг шинжээчид хэлж байна.

Үүнээс гадна хөрөнгө оруулагчид батарейны үйлдвэрлэл рүү мөнгөө цутгаж эхэлсэн нь цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, борлуулалтыг түргэсгэлээ. 2024 оны эхний улиралд 2020 оныхтой харьцуулахад цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн борлуулалт бараг 50 орчим хувиар өсөн нэмэгджээ.

Хайбрид буюу хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь бүтэн цахилгаан тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад их хэмжээний нүүрс төрөгчийн давхар ислийг ялгаруулж байгаа боловч цахилгаан тээврийн хэрэгсэлд зориулсан дэд бүтэц сайжрах хүртэл утааг бууруулахад зайлшгүй шаардлагатай алхам гэж шинжээчид үзэж байна.

Мөн өрнөдийн улс орнуудын хууль тогтоогчид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчин чармайлтын хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг хуулийн зохицуулалтаар дэмжиж эхэлсэн нь борлуулалтад дам нөлөөлж байна. Тухайлбал 2023 онд Норвеги улсад борлуулагдсан таван автомашины дөрөв нь цахилгаан хөдөлгүүртэй байсан гэдгийг тайланд дурджээ.