“Хангай” зочид буудлын барилгыг засварлах талаар нийслэлээс удаа дараа шаардлага хүргүүлж байгаа ч үр дүнд хүрдэггүй

Нийслэлийн төвийн бүс буюу хуучнаар хүүхдийн 100-н орчимд байрлалтай Хангай зочид буудлын барилгын асуудал сүүлийн 30 жил яригдаж байгаа ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөг хүрчээ. Тэгвэл өнөөдөр нийслэлээс тус барилгыг яаралтай нураах, эсвэл дахин төлөвлөх шаардлагатай байгааг мэдэгдэж, өмчлөгч этгээдэд шаардах бичиг хүргүүлсэн байна.

1981 онд баригдаж байсан энэхүү барилга нь архитектурын өвөрмөц шийдэлтэй, тухайн үедээ дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа явуулдаг байжээ. Гэвч 1990 оноос барилгын өмчлөлийн асуудал яригдаж төрийн өмчид бүртгэгдэж байсан ч 1998 онд хувийн өмчид шилжжээ. Улмаар тухайн барилгад ямар нэгэн үйл ажиллагаа явагдалгүй, хуучирч муудсаар өнөөг хүрсэн юм. Тэгвэл өнөөдөр нийслэлээс Хангай зочид буудлын барилгын хоёр үндсэн асуудал байгааг мэдэгдсэн юм. Нэгт тухайн барилгын эзэмшигч 30 жилийн хугацаанд татвар огт төлөөгүй байна. Мөн орчны аюулгүй байдал хангагдаагүй учраас гэмт хэрэг зөрчил их хэмжээгээр бүртгэгддэг байна. Сүүлийн 10 жилд зөвхөн Хангай зочид буудлын барилгатай холбоотой 50 гаруй гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл бүртгэгджээ.

Мөн 2010 оноос хойш Хангай зочид буудлын бүртгэлийн дугаар нь дээд, доод гэж хоёр хэсэгт салжээ. Тодруулбал, нэг давхрын үйлчилгээний талбайг "Буян"-гийн Б.Жаргалсайхан, Номин"-гийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж, түрээслүүлдэг ч 2018 оноос хойш татвар төлөөгүй байна. Харин 2 дугаар давхраас дээш хэсэг нь буюу үлдсэн 15 давхар нь тусдаа гэрчилгээтэй ч улсын татварын албанд бүртгэлгүй учраас огт татвар төлдөггүй байна. Иймд нийслэлийн зүгээс тус барилгын эзэмшигч нарт татвараа төлөх мөн яаралтай тус барилгыг засварлах эсвэл дахин төлөвлөх арга хэмжээ авахыг шаардсан бичиг дахин хүргүүлжээ. Өмнө нь хэд хэдэн удаа шаардах бичиг хүргүүлж байсан боловч хувийн өмч учир бид өөрсдөө мэднэ гэсэн хариуг авч байжээ.  

Энэ мэтчилэн баригдаж байгаад зогссон хэд хэд барилга нийслэлд байдаг. Энэ нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, цаашлаад гэмт хэрэг гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа тул шат дараатайгаар буулгах, засварлах арга хэмжээ авхуулахаар нийслэлээс шаардлага тавьж эхэлсэн байна.