Нийслэлийн дуу чимээний бохирдол ДЭМБ-аас гаргасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, аюултай түвшинд хүрчээ

Нийслэл хотод өвөлдөө агаарын бохирдлын асуудал, харин зуны цагт хөрсний бохирдлын асуудал хөндөгддөг. Гэвч улирлын чанартай биш, цаг тутамд бохирдлын аюул үүсгэж байдаг бас нэг хүчин зүйл бол орчны дуу чимээ юм. Дуу чимээний бохирдол нь зөвхөн чанга хөгжимнөөс ялгардаггүй, харин бидний өдөр тутамдаа алхаж буй гудамж, талбай, зорчиж буй автомашины замд хамгийн ихээр үүсдэг байна. Тэр дундаа Улаанбаатар хотын дуу чимээний бохирдол дэмб-ын зөвлөмжид заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, аюултай түвшинд хүрсэн байна.

  • ДЭМБ-ын зөвлөмжид заасны дагуу орчны дуу чимээ өдрийн цагт 60 ДБ-ээс бага байвал бохирдолгүй гэж үздэг байна. Гэвч Улаанбаатар хотын орчны дуу чимээ өдрийн цагт 75 ДБ байгаа нь аюултай түвшинд хүрснийг харуулж байгаа юм.
  • Судалгаагаар хүний хөл хөдөлгөөн, яриа, хөгжим нэгэн зэрэг дуугардаг ресторан, паб зэрэг газруудад орчны дуу чимээ 61 ДБ байгаа бол гадна орчин буюу авто замын түгжрэлийн дуу чимээ 73 ДБ байна. Харин нийтийн тээврийн автобус доторх дуу чимээ 74 ДБ байна.
  • Тэгвэл ахуйн орчинд ч дуу чимээний бохирдол их байгаа нь тогтоогджээ. Зөвхөн холигч, тоос соруулагч, угаалгын машин зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд дунджаар 87 ДБ-н дуу чимээний бохирдол гаргадаг байна.
  • Орчны бохирдол хэт их байгаа нь цусны даралт ихсэх, дутуу жинтэй хүүхэд төрөх, цаашлаад хүний сонсгол алдах хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг байна. Дуу чимээний бохирдол нь 80 ДБ хүрвэл сонсголын мэдрэмж 17-25 ДБ-ээр буурч, бусдын хэлсэн үгний 20-25 хувийг нь сонсох чадваргүй болдог байна.

Хүрээлэн буй орчны олон хүчин зүйлс хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тэр дундаа хэт их дуу чимээ хүний сонсголыг гэмтээхээс гадна хэд хэдэн суурь өвчний шалтгаан болдог байна. Тэгвэл үйлдвэржилт, автомашин, техник хэрэгслээс гарч буй дуу чимээ зохист хэмжээнээс хэтэрснээс үүдэж дуу чимээний бохирдол үүсдэг байна. Энэ нь хүний сэтгэл санааг хямрах, бухимдах, нойргүйдэх зэрэг сөрөг нөлөөллийн шалтгаан болохоос гадна сонсголын систем, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судас, төв мэдрэлийн үйл ажиллагааг ч гэмтээх эрсдэлтэй байна

Бидний өдөр тутамдаа хамгийн их сонсдог дуу чимээ бол автомашины дуут дохио. Судалгаагаар нийслэл хотын авто замын түгжрэлийн дуу чимээ 73 дицебел байгаа нь дэлхийн эрүүл мэндийн зөвлөсөн зохимжит хэмжээнээс даруй 10 гаруйгаар илүү байгаа юм. Жолооч нар ихэвчлэн шаардлагагүй тохиолдолд дуут дохио дуугаргадаг нь иргэдэд ч хүндрэлтэй байдгыг хэлж байна.

Тэгвэл жолооч нарын хүссэн үедээ хэрэглэдэг дуут дохиог гуравхан тохиолдолд л хэрэглэж болох тухай монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан байна. Тодруулбал, нэгт жолооч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор, хоёрт суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлж байгаагаа бусад жолоочид анхааруулах зорилгоор, гуравт төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд хэрэглэх ёстой юм.

Иймд жолооч нар шаардлагагүй тохиолдолд дуут дохио дугаргаж бусдад хохирол учруулах, амгалан тайван байдал алдагдуулахгүй байхыг анхааруулж байна. Мөн энэ нь орчны бохирдлоос өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалж буй асуудал юм.