Аюултай цахилгааны утастай холбоотой дуудлага, мэдээлэл өдөрт 20 орчим бүртгэгддэг

Үерийн эрсдэлтэй, хуурайшилт ихтэй хаврын улиралд иргэд цахилгаанаас үүдсэн гал түймрээс сэргийлэх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Тэдэнд нэг өдөрт аюултай цахилгааны утасны холбогдолтой 15-20 дуудлага мэдээлэл ирж байна.

Урин дулаан цаг болж, өдрийн цагаар хүүхдүүд гадаа тоглох, мөн гал, усны аюулын эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллууд дахь цахилгаантай холбоотой үзлэг шалгалтыг холбогдох байгууллагаас нь хийжээ. Ингэхэд хэрэглэгч өөрийн эзэмшлийн оруулгын утсыг шалбарч гэмтсэн эсэхэд байнгын хяналт тавьдаггүй, төмөр хийцтэй хашааг ороож, дамнуулдаг зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн байна. Нөгөө талаас иргэд мөн цахилгаан тасарсан үед цахилгаан хэрэгслээ салгахад анхаарах хэрэгтэй юм.

Түүнчлэн өөрийн ойр орчмын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн цахилгаан тоноглол, оруулгын утас хүн амьтны эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд аливаа аюул учруулахуйц эрсдэлтэй харагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад утсаар мэдэгдэх хэрэгтэйг зөвлөж байна. Энэ төрлийн дуудлага мэдээлэл дулааны улирал эхэлсээр өдөрт дунджаар 15-20 удаа ирж байна.