И-Монголиад иргэн бүрийн нэр дээр хуримтлалын нэгдсэн сангийн шинэ данс нээгдэнэ
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа. Ингэснээр стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг хуримтлалын санд төвлөрч, үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөгөөр  10,000 айл, өрхийн ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Мөн И-Монголиа цахим системд иргэн бүрийн нэр дээр хуримтлалын нэгдсэн сангийн шинэ данс нээгдэх бөгөөд  сангийн мөнгийг бэлэн бусаар буюу эрүүл мэнд, боловсрол, ипотекийн хөтөлбөрт зарцуулах боломжтой болох юм.

Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан байна.тус тогтоолоор уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах  салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг  хуульд заасны дагуу хуримтлалын санд төвлөрүүлэх юм байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсон байна.

Улмаар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, эхний ээлжид 1.2 их наяд төгрөг бүрдэж 10,000 айл, өрхийн ипотекийн зээлийн асуудал шийдвэрлэгдэх юм байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 17 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт бүртгэлтэй байгаа юм.үүнээс эхний ээлжид банкуудад  хөрөнгийн эх үүсвэргүй улмаас гацсан 6000-7000 орчим  зээл шийдвэрлэгдэх юм байна.

Үндэсний Баялгийн сангийн тухай хуульд Монгол улсын иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх хуримтлалын санг уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашгаас бүрдүүлэхээр заасан. Сангийн хөрөнгийг Монголбанк дахь Төрийн Сангийн дансанд байршуулж, Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцож арвижуулахаар заалттай юм байна.