Оюутнууд ажлын хөлсөө авч чаддаггүй, ажил олгогчийн хувийн ажилд нь зарагдах зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол их байна
Оюутан залуучууд хичээл сургалтынхаа хажуугаар цагийн ажил эрхэлж сургалтын төлбөр, хэрэглээний мөнгө зэргээ өөрсдөө олох сонирхолтой байдаг. Оюутнуудын 40 хувь нь хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилд зуучлагддаг бол 60 хувь нь цахим орчноор дамжуулан ажил олдог байна. Гэвч цагийн ажил хийж байгаа оюутнууд ажлын хөлсөө авч чаддаггүй, ажил олгогчийн хувийн ажилд нь зарагдах зэргээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол их байна.

Судалгаагаар аж ахуй нэгж байгууллагууд цагийн ажилтан авахаас илүү үндсэн ажилтан ажилд авах сонирхолтой байдаг. Харин эсрэгээрээ ажил хайгч иргэн, оюутан залуучууд үндсэн ажил эрхлэхээсээ илүүтэйгээр цагийн ажил хийх хүсэлтэй байна. Гэвч цагийн ажлын цалин хөлс бага, зарим газрууд туршилтын хугацаа гэх нэрийдлээр тодорхой хугацаанд ажиллуулсны дараагаар тухайн оюутныг ажилд тэнцээгүй гэж хэлдэг байна.

16-21 насны залуучуудад зөөгч, үйлчлэгч, дэлгүүрийн худалдагч, зохион байгуулагч, барилгын туслах зэрэг ажил түгээмэл олддог. Гэвч залуучууд ихэнх тохиолдолд “аман гэрээ” байгуулж шууд ажилдаа ордог учраас хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн ч ямар нэгэн арга хэмжээ авхуулах, хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй болдог байна. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөрийн асуудлаар хууль хяналт, шүүхийн байгууллагад хандсан ч хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй бол хуулийн дагуу шийдвэрлүүлэх боломжгүй болдог юм.

Мөн Хүний Эрхийн Үндэсний комисст ирдэг гомдол саналын 40 орчим хувь нь хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудал байна.

Хэрэв тухайн оюутан цалингаа авч чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн эрхийн байцаагч нарт хандаж, өөрийн эрхийг зөрчсөн ажил олгогчдыг мэдэгдэж байх хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.