Казахстан улсад нэг жилд 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас бардаг гэх статистик тоо баримт байгаа талаар НҮБ-аас мэдээлсэн байна

Өнгөрсөн оны 11-р сарын 9-нд Казахстаны хамгийн том Алматы хотын нэгэн рестораны тусгай өрөөнд тус улсын Эдийн Засаг Хөгжлийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр Салтанат Нукеноваг зодож хөнөөсөн хэрэг гарсан байна. 44 настай Бишимбаев гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч  “Харгис хэрцгий”-гээр хамтрагчаа хөнөөсөн гэдгээ үгүйсгэж байгаа нь Казахстан улсын болоод дэлхий дахины дургүйцлийг өдүүлээд байна.

Энэ хэргийн талаар мэдээлэл цахим сүлжээнд өргөн түгээд байгаа юм, сүүлийн саруудад уг хүн  амины хэргийн шүүх хурал Казахстан төдийгүй бусад улс орны иргэдэд шууд хүрч байгаа бөгөөд  уламжлалт жендэрийн асуудлаар багагүй маргаан дагуулаад байна.

Хэргийн сэжигтэн Бишимбаев нь  2016 онд Эдийн Засгийн Хөгжлийн сайдын албан тушаал хашиж байсан бөгөөд 2018 онд улсын мөнгийг хувьдаа завшсан хэргээр 10 жилийн хорих ял авч байсан нэгэн юм. Гэвч дараа жил нь тухайн үеийн Казахстаны ерөнхийлөгч Назарбаевын өршөөлд багтсанаар хугацаанаасаа өмнө суллагдаж байжээ.

Казахстан улсад нэг жилд 400 орчим эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас бардаг гэх статистик тоо баримт байгаа талаар НҮБ-аас мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч тус улсад зарим хэргийг гэр бүлийн хүчирхийлэл гэж тооцоогүй эсвэл бүртгэгдээгүй байдаг тул дээрх тоон үзүүлэлт үүнээс өндөр байх магадлалтай гэж үзэж байна.

Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд Казахстаны эрх баригчид гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, хуучирсан тогтолцооноосоо салах цаг болсныг хэлж байна. Казахстанд эцгийн эрхт ёс ноёлдог гэж үздэг бөгөөд гэр бүлийн хүчирхийллийг ихэнх тохиолдолд энгийн иргэний зөрчилд тооцдог нь эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр өдийг хүрснийг илтгэж байгаа юм.

Тус улсын иргэд хуулийн хүрээнд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудалд ихээхэн анхаарал хандуулж, ач холбогдол өгч байгаа төдийгүй дэлхий нийт тэдний асуудлыг анхааралтай ажиглаж байна.

Бишимбаевын үйлдсэн дээрх ээдрээтэй хэргийн шүүх хурал үргэлжилж байгаа төдийгүй эцсийн шийдвэр нь яаж гарахыг дэлхий нийт хүлээж байна.