Стратегийн ордын хувь эзэмшлийг 34 хувиар хязгаарлаж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээж байна
Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор өргөн мэдүүлж, 4-р сард баталсан бол 5-р сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Хэдийгээр яаравчилж баталсан баялгийн сангийн хууль нь иргэдийн амьдралд ихээхэн ач холбогдол, үр өгөөжтэй буюу жил бүр байгалийн баялгийг иргэдэд хүртээх ч гэлээ гадаад улс орны томоохон хөрөнгө оруулагчдыг үргээсэн хууль боллоо гэж Монгол дахь олон улсын худалдааны танхимууд үзэж байна.

Үндэсний Баялгийн сангийн хуультай хамт ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Нэмэлт өөрчлөлтөөр нэг хувьцаа эзэмшигч стратегийн ордын 34-өөс дээш хувийг эзэмшиж болохгүй гэх заалт оруулж ирсэн байна. Энэ нь гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх үүд хаалгыг хааж байна гэдгийг Австрали болон АНУ-ын Монгол дахь худалдааны танхим мөн Европ-Монголын хамтарсан худалдааны танхимын зүгээс хэлж байна.

Стратегийн ордын хувь эзэмшлийг 34 хувиар хязгаарлаж байгаа энэ хуулийн зохицуулалтаас шалтгаалж гадны хөрөнгө оруулагчид  томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахаасаа татгалзаж, гэрээ хэлэлцээгээ цуцалж эхэлжээ.

Ийнхүү баялгийн сангийн хуультай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчид үргэн алга болох эрсдэл нүүрлээд байна. Түүнчлэн бизнесийн байгууллага дахь төрийн оролцоог багасгана гэсэн бодлогыг удирдлагууд баримталж байгаа хэдий ч баялгийн сангийн хуулийг харвал төр хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг боомилж байна.

Цар тахлаас хойш эдийн засаг сэргэж гадны томоохон урт хугацааны хөрөнгө оруулагчид монголын томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байсан. Гэсэн хэдий ч баялгийн сангийн хууль батлагдсантай холбоотойгоор хөрөнгө оруулагчид зугтаж эхлээд байна гэж монгол дахь олон улсын худалдааны танхимууд ийнхүү мэдээлж байсан юм.