АНУ-ын хоёр дахь хамгийн өндөр настай улс төрч Б.Сандерс дахин сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын ахмад улс төрчдийн нэг Берни Сандерс ирэх 11-р сард дөрөв дэх удаагаа дээд танхимын сонгуульд нэр дэвшихээ мэдэгджээ. Тэрбээр үндэстний хувьд хамгийн чухал санал хураалт ирэх 11-р сард тохионо гэдгийг онцолсон байна.

Вермонтийн дэвшилтэт үзэлтэн буюу Ардчилсан намын бүлэгт багтдаг бие даан нэр дэвшигч, өдгөө 82 настай Берни Сандерс нь АНУ-ын хамгийн өндөр настай хоёр дахь улс төрч юм. Хэрэв тэрээр ирэх сонгуульд ялалт байгуулбал, дөрөв дэх бүрэн эрхийнх нь хугацаа дуусах үед 86 нас хүрэх юм.

Өнгөрсөн Мягмар гарагт тэрбээр нэр дэвших шийдвэрээ зарлах үеэрээ “Бид дарангуйлагч нийгэм биш ардчилсан нийгэмд хэвээр үлдэхийн төлөө тэмцэх ёстой. Бид чинээлэг хүмүүст хөрөнгө оруулдаг бус, харин манай улсын ажилчин гэр бүлийг төлөөлдөг Засгийн газартай болохын тулд тэмцэх ёстой" хэмээн мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар АНУ-ын Сенатын танхимд ардчилсан намынхан хяналтаа тогтоогоод байгаа боловч тус улсын иргэд ирэх сонгуулиар Бүгд Найрамдахчуудад итгэл хүлээлгэх төлөвтэй байгааг албан бус санал асуулгын дүн харуулж байгаа юм. Мөн ирэх намар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль тохиох төдийгүй тэрхүү сонгуульд Доналд Трамп ялалт байгуулж, дахин засаглах магадлал өндөр байгаа юм.

Тэгвэл Берни Сандерс Бүгд Найрамдахчууд нөлөөллөө тогтоохоос өмнө ардчилсан үзэл сурталтнууд нэгдэж, ажилчин анги, үйлдвэрчний эвлэлүүдийг эгнээндээ оруулан, эрх ашгаа хамгаалах томоохон кампанит ажил явуулахыг уриалжээ.