Яармагийн орон сууцуудын гол шугам хоолойг сольсон ч зэвтэй ус гарсаар байвал байрны удирдлагууддаа шаардлага тавих хэрэгтэй

Чанаргүй шугам хоолойноос үүдэж Яармаг орчмын оршин суугчид зэвтэй ус хэрэглээд 4 жилийн нүүр үзэж байна. Тэгвэл энэ зундаа багтаан Яармаг орчмын стандартын шаардлага хангаагүй ус дамжуулах шугам хоолойг солих юм байна. Энэ ажилтай холбоотойгоор 2024 оны нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөг тусгажээ.

Нийслэлд яармаг орчим гэлтгүй нисэхийн эцэс, зайсан гээд зэвтэй, тостой, үнэртэй усны асуудал үүсээд байгаа. Тус хэсгийн оршин суугчид усны асуудлаас шалтгаалж эрүүл мэнд цаашлаад эдийн засгаараа ч хохирч байгаа юм. Зэвтэй уснаас үүдэн хувцас хэрэглэл өнгө орохгүй шарлах, хумс, үсэнд хүртэл өөрчлөлт үүсэж байгаа талаар оршин суугчид хэлж байна.

Тэгвэл Яармаг орчмын айл өрхүүдийг зэвтэй усаар хангаж байгаа гол шугам хоолойг солих ажлыг гүйцэтгэх тендер зарлагджээ. Энэ тендерийг ойрын 2 хоногтоо нээж үнэлгээг хийн, тус ажлыг гүйцэтгэх компанийг шалгаруулах юм байна. Үүний дараа богино хугацаанд тус хэсгийн шугам хоолойг солино гэсэн мэдээллийг албаныхан өглөө. Одоогоор Яармаг орчмын шугамыг хэдий хугацаанд солих мөн тус хэсгийн айл өрхүүдийн ус таслах хуваарь зэргийг тодорхойлоогүй байгаа юм байна. Цаашлаад Яармагийн зэвтэй усны асуудал нь дараах шалтгаанаас үүссэн байна.

Харин Яармагийн байр орон сууцуудын зэвийг үүсгэж буй гол шугам хоолойг сольсон ч ус нь зэвтэй, үнэртэй, тостой гарч байвал орон сууц барьсан компанидаа шаардлага тавьж өөрийн байр луу татсан шугамыг солиулах хэрэгтэй юм.

Ийнхүү Яармаг орчмын чанарын шаардлага хангаагүй 5.2 км шугамаас бусад хотхонууд салаалуулж шугамаа татаж авснаар зэвтэй ус гарч байна. Цаашлаад зөвхөн Яармаг орчмын байр гэлтгүй нийслэлийн олон байршилд чанаргүй шугам хоолой тавьсанаас үүдэж усны асуудал үүсэж байна. Тиймээс тухайн барилгыг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагатай байх хэрэгтэй. Нөгөө талаас чанаргүй шугам хоолой тавьж байгаа барилгын компаниуд ч иргэдийг хохироохгүй байх хэрэгтэй гэдгийг оршин суугчдын зүгээс хэлж байна.