2024 он бол Олон улсын гэр бүлийн өдрийн 30 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ онцлог жил юм. Энэ жилийн гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрт аж төрж байгаа гэр бүлүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх өргөн хүрээний мэдлэг олгох, шуурхай арга хэмжээ авснаар хор хөнөөлийг бууруулах нь чухал болохыг ухамсарлуулж ойлгуулах зорилготой юм байна. Гэр бүл, олон нийтийн санаачилга нь боловсрол, мэдээллийн хүртээмж, сургалт, нийгмийн оролцоог хангах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж НҮБ-аас үзэж байна. НҮБ-аас гэр бүлүүдийг чадавхжуулахад анхаарлаа түлхүү хандуулж байгаа төдийгүй тогтвортой дадал зуршил, уур амьсгалын талаарх мэдлэгийг бий болгосноор дахин боловсруулах нөхцөлд хүргэдэг тойргийн эдийн засагт шилжих боломжтой юм.
Мөн энэ өдөр гэр бүлийн тогтвортой байдалд нөлөөлж байгаа нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хямрал зэрэг асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлүүдийн нийгмийн статусыг үл харгалзан халуун дулаан харилцаа тогтоохын ач тусыг ойлгуулах, садан төрөлтэйгөө бат бөх харилцаатай байхын чухлыг онцлон тэмдэглэдэг уламжлалтай юм.
Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-аас гаргасан тогтоолд “Хүмүүс тухайн улс орныхоо нийгмийн тогтолцооноос үл хамааран тэндээ аж төрж байгаа. Хүчирхэг гэр бүл бол хүчирхэг нийгмийн тулгийн чулуу. Засгийн газрууд ард иргэд, гэр бүлүүдийг хайрлан хамгаалж, дэмжиж, эх орондоо ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг нь үргэлж сануулж, сайшаах ёстой” хэмээн онцолсон байна. Мөн Засгийн газрууд болон гэр бүлүүд хамтран цэцэглэн хөгжих боломжтой дэлхий ертөнцийг бий болгохын төлөө зорихыг НҮБ-ын уг тогтоолд уриалсан байна.