Дийлэнх зам тээврийн ослын 70-80 хувь нь орон нутгийн замд гардаг гэдгийг холбогдох албанаас мэдээлж байна. Тухайлбал 2022 онд тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ амиа алдсан 50 гаруй тохиолдол гарчээ. Эцэг эхчүүд хүүхдийг холын замд авч явахдаа зориулалтын суудалд суулгадаггүй өвөр дээрээ авч явдаг. Үүнээс үүдэн автомашин осолдох үед хүүхэд цонхоороо шидэгдэн нуруу нугасны бэртэл цаашлаад амь эрсдэх ч тохиолдол гарсаар байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэж заасан байдаг. Гэтэл эцэг эхчүүд зориулалтын суудал төдийлөн ашигладаггүй. Тэгвэл хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.
Түүнчлэн жолооч хөдөлгөөн эхлэхдээ машины эргэн тойрноо шалгаагүйн улмаас осол гаргаж хүүхдийн амь эрсдэх тохиолдол ч гарсаар байна. Тодруулбал өнгөрөгч 2021 онд 1-4 насны 23 хүүхэд, 2022 онд 14, 2023 онд 8, 2024 он гарсаар буюу ердөө 4 сар гаруйн хугацаанд 2 хүүхэд дээрх шалтгааны улмаас амиа алджээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хөдөлгөөн эхлэхээсээ өмнө анхаарал болгоомжтой байж тээврийн хэрэгслийн сохор бүсийг заавал нягтлах шаардлагатай гэдгийг тээврийн цагдаагийн албанаас санууллаа.
Тэгвэл эцэг эхчүүдийн зүгээс ч хүүхдүүдээ эрхлүүлэлгүйгээр зориулалтын суудалд нь суулгаж хэвшүүлэхийг уриаллаа. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо сайн шалгаж, анхаарал болгоомжтой байхыг Тээврийн Цагдаагийн албанаас санууллаа. Мөн эцэг эхчүүд хол замд хүүхдээ заавал зориулалтын суудалд суулгаж хэвшүүлэхийг уриалж байна.