Ногоон байгууламж, авто зогсоол, тохижилтын ажлыг 20:20:20 харьцаатай болгоно
Нийслэл Улаанбаатар хотод анх 1939 онд цэцэрлэгт хүрээлэн баригдаж, иргэд чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх газартай болж байжээ. Өнөөдөр Нийслэлийн нийт талбайн ихэнх нь барилгажсан ч шинээр баригдаж буй бүтээн байгуулалтын ажилд ногоон байгууламжийг түлхүү шийдэж өгч байгаа нь иргэд гэр бүлтэйгээ цагийг чанартай өнгөрөөх боломж бий болгож байна гэж албаныхан хэлж байна.

Нийслэлд оршин сууж буй иргэд ихэвчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн, Богд уул зэрэг тоотой хэдэн байршилд гэр бүлээрээ амарч, хүүхдээ салхилуулж, дасгал хөдөлгөөн хийж байгаа талаар иргэд ийнхүү хуваалцаж байсан юм. Тэгвэл албаны зүгээс хариулахдаа Нийслэлд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн нь дүүрэг бүрд бий. Мөн шинээр томоохон га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулж байгааг хэллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Гачууртад 300 га орчим цэцэрлэгт хүрээлэн барих барилгын ажил эхэлжээ. Үүнээс гадна олон байршилд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг хийж байгаа учир иргэд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цагийг зөв өнгөрөөх боломж нээгдэж байгааг хэлсэн юм.

Олон улсад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 9 м.кв байдаг. Харин манай улсад нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.7 га байна. Үүнийг 25-35 га болгож өсгөнө гэсэн зорилтыг холбогдох албаныхан тавин ажиллаж байгаа юм байна. Үүнээс гадна хуульд хүртэл өөрчлөлт оржээ. Тодруулбал, хот байгуулалтын хуульд аливаа бүтээн байгуулалт хийхдээ ногоон байгууламж, авто зогсоол, тохижилтын ажил нь 20:20:20 харьцаатай байхаар хуульчилжээ.