Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол иргэнийг 10 сая, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгоно
Монгол улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66.16-д “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэвч энэхүү заалт хэрэгждэггүй тохиолдол цөөнгүй байна. Ялангуяа уул уурхай, зам тээврийн салбарт ажиллаж буй сонгогчид санал өгөх иргэний эрхээ эдэлж чаддаггүй. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар тэдгээр иргэдийг санал өгүүлэх зорилгоор Сонгуулийн Ерөнхий Хороо ажлын хэсэг байгуулж, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй аан, байгууллагуудын удирдлага, ажилчдад энэхүү хуулийн заалтыг таниулах ажлыг эхлүүлжээ.

Манай улсын уул уурхай, эрдэс баялаг, зам тээврийн салбарын 1200 гаруй аан-д 60 мянга гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна. Зөвхөн

  • Өмнөговь аймгийн гашуун-сухайт боомт - 419 аан-д 17.400
  • Шивээ-Хүрэн боомт - 104 ААН-д 3000
  • Ховд аймгийн Булган боомт - 42 ААН-д 500
  • Сүхбаатар аймгийн Бичигт боомт - 30 ААН-д 500
  • Дорноговь аймгийн Ханги боомт - 77 ААН-д 1100
  • Дорноговь аймгийн Замын-Үүд боомт - 223 ААН-д 900
  • Дорнод аймгийн Баянхошуу-Өвдөг боомт - 4 ААН-д 100 гаруй жолооч нийт 23 мянга 500 иргэн ажиллаж байна.

Гэвч эдгээр иргэд 4 жилд нэг удаа олдох сонгох эрхээ эдэлж чаддаггүй. Учир нь ААН-үүдийн үйл ажиллагаа нь суурин газраас хол байршилтай учир ажилчид дийлэнхдээ 7-14 хоногийн ээлжээр байрлаж ажилладаг. Тиймээс сонгуулийн санал хураах өдөр ээлжээр ажиллаж байгаа иргэд өөрийн харьяалалтай газраа очиж санал өгөхөд унааны зардал, олдоц, удирдлагаас чөлөө өгдөггүй зэрэг цөөнгүй асуудлууд үүсдэг байна. Тиймээс Сонгуулийн Ерөнхий Хороо ээлжийн ажилтай эсвэл оршин суух хаягаасаа өөр газар ажилладаг иргэдийн сонгох эрхийг хангах зорилгоор энэ жил анх удаа ажлын хэсэг гаргаж 7 аймагт ажиллуулжээ. Мөн уул уурхай, эрдэс баялгийн 30 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагыг танхимаар, ачаа тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН, төрийн бус байгууллагын 300 гаруй төлөөлөлтэй цахимаар уулзалт хийжээ.

Монгол улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 66.16-д “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан байдаг. Харин энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөг, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох зохицуулалт хэрэгждэг байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны ажлын хэсгийн уулзалтын үеэр ААН-үүдээс хэд хэдэн санал ирүүлж, засгийн газарт хүргүүлжээ. Тухайлбал, сонгуулийн санал авах өдөр ачаа тээврийн боомтуудыг амраах, нэгдсэн унаа, тээврийн хэрэгслээр хангах, уурхайнуудын нүүрс ачилтыг түр зогсоох гэх мэт үйл ажиллагааг зохион байгуулж өгөхийг хүссэн байна. Сонгуульд санал өгөх эрхээ эдэлж чадахгүй байх нь зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийг дугуйлахаас илүү тухайн бүлэг хүмүүсийн эрх ашиг зөрчигдөх үндэс болдог байна.