Өнгөрсөн Лхагва гарагт Гүржийн Парламент дотоодод нь өргөнөөр эсэргүүцэж, Европын холбоо анхааруулж байсан ч "Гадаадын агент”-ийн тухай хуулийн төслийг баталлаа. Шинэ хуулийн дагуу санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг хилийн чанадаас авдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг “Гадаадын нөлөөллийн төлөөлөгч”-өөр бүртгэх, эс бөгөөс өндөр дүнгээр торгууль ногдуулахаар зүйлчилсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, мөн түүний засаг захиргаа сөрөг хүчин болон иргэний нийгмийн оролцоог хязгаарлах, зогсоохын тулд “Гадаад агент”-ийн тухай хууль баталж байсан гэж шинжээчид үздэг байна. Тэгвэл Гүрж улсын иргэд болон сөрөг хүчний хууль тогтоогчид Кремлийн тэрхүү хуулиас санаа авч, загварчилсан тогтоомжийг эрс эсэргүүцэж байна.
Лхагва гарагт Гүржийн Парламентын танхимын 84 гишүүн тус хуулийн төсөлд дэмжлэг үзүүлж, 30 гишүүн эсэргүүцсэн ч олонхын саналаар батлагджээ. Санал хураалтын дүн зарлагдсаны дараа жагсагчид Парламентын ордон руу нэвтрэх гэж оролдсон ч хууль сахиулагчид жагсаалыг хүч хэрэглэн тараасан байна. Гүржийн иргэд тус улсын эрх баригчид гадаадын төлөөлөгчийн тухай хуулийг тэдний эсрэг ашиглах вий гэдгээс эмээж байгаагаа хэвлэлд ярьж байна. Одоо Гүржийн Парламентын баталсан хуулийн төсөлд ерөнхийлөгч Саломе Зурабишвили гарын үсэг зурснаар албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.
Тэгвэл хэдийгээр Гүржийн ерөнхийлөгч тус хуулийн төсөлд хориг тавих амлалтыг ард иргэддээ өгснөөр жагсагчид бага ч болов тайвширсан ч улс төрийн тохиролцоо болохоос иргэд сэргийлж байгаа юм байна. Сүүлийн үеийн санал асуулгын дүнгээс харвал Гүржийн иргэдийн 80 орчим хувь нь ЕХ-нд элсэх хүсэлтэй байгаа ч Москвагийн геополитикийн тойрог зам, нөлөөллөөс бүрмөсөн салах нь тэдний толгойн өвчин болоод байна. Гүрж улс 2022 онд европын холбооны гишүүн болох хүсэлтээ гаргаж, 12-р сард нэр дэвшигчийн статустай болсон ч Өрнөдийн эвслийн зүгээс “Гадаадын агент”-ийн тухай хуулийн төсөл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлбэл Гүржийн гишүүнчлэлийн асуудлыг хөндөхөө анхааруулаад байгаа юм.
Тэгвэл нөгөө талаас хуулийн төслийг санаачилсан тус улсын засгийн эрх баригч "Гүржийн мөрөөдөл" нам ил тод байдал, үндэсний тусгаар тогтнолын халдашгүй байдлыг ханга гэж мэдэгдсээр байгаа юм.
Лхагва гарагт хуулийн төсөл батлагдсаны дараагаар Гүржийн сөрөг хүчний хууль тогтоогчид эрх баригч намын гишүүд хоорондоо марган, нударга зөрүүлж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ үед жагсагчид парламентын танхим руу нэвтрэх гэж оролдсон ч тусгай албаны ажилтнууд тэднийг хүч хэрэглэн зогсоож, иргэдийг баривчилж, агаарт хий буудан тараасан байна.