Улс орны түүх, замнал, байгаль дэлхийн ховор үйл явц, нийгмийн тодорхой цаг үеүдийг илэрхийлэх үнэт олдвор, үзмэрүүдийг хадгалж, бусдад түгээн дэлгэрүүлдэг байгууллага бол музей. Нөгөөтээгүүр үзэгч тухайн үзмэрийг зөвхөн харж зогсох бус өөрийн гараар хүрч мэдрэх, танин мэдэх боломжийг олгох боловсролын хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлдэг.
Энэ мэтчилэн төрөл бүрийн боловсролын хөтөлбөрийг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 10 музей чойжин ламын сүм музейн гадна талбайд нэг дор байрлаж иргэдэд танилцууллаа. Учир нь энэ жилийн олон улсын музейн өдөр нь дэлхий дахинаа “Музей боловсрол, судалгааны төлөө” уриан дор зохион байгуулагдаж байна.
Манай улсад төрийн болон орон нутгийн өмчит 35 музей үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр музей нь өөрсдийн онцлогт тохирсон төрөл бүрийн боловсролын хөтөлбөр явуулахаас гадна судалгаа, шинжилгээ хийж, олон улстай хамтрах, жуулчдыг татах зэрэг бодлогын ажлуудыг ч хэрэгжүүлж иржээ. Тэр дундаа сүүлийн жилүүдэд соёлын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтрах боломж нэмэгдэж иргэдэд түүх, соёлоо түгээх хөтөлбөрүүд ч өргөжсөн байна. Учир нь музей бол албан бус сургалтын байгууллага төдийгүй улс орны тогтвортой хөгжилд чухал үүрэгтэй гэж үздэг.
Дэлхийн дахинаа олон улсын музейн өдрийг 42 дахь жилдээ тэмдэглэж байгаа бол манай улс ийнхүү 21 дэх жилдээ тэмдэглэж байна. Мөн энэ жил манай улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа учраас төрийн болон орон нутгийн өмчит бүх музей тусгай арга хэмжээнүүдийг төлөвлөж, иргэдэд үнэ төлбөргүй үзэсгэлэн толилуулахаар төлөвлөжээ.