Эрүүл мэндийн байгууллагуудын 2019 онд хийсэн халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар, манай улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй гарсан байна. Энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр гарсан байна. Манай улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна. Иргэд . Халдварт бус өвчнөөр өвдөх шалтгаанд буруу хооллолт, гаж зуршил, архи тамхины өргөн хэрэглээ, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна.
Иргэд халдварт бус өвчлөлд өртөх дээрх шалтгаануудаас гадна нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой стресс бухимдал, агаарын бохирдол гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдахыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна. Хэрэв халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлж тархалтыг бууруулснаар өвчлөл, нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой юм байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архи тамхины хэрэглээг багасган, амьдралын зөв хэв маягт шилжвэл зүрх судасны өвчин, тархины харвалт, 2-р хэв шинжийн чихрийн шижин өвчнийг 80 хувь, хорт хавдрыг 40 хувиар бууруулж болно гэж мэргэжилтнүүд хэлж байсан юм.