Мягмар гарагт Украины нийслэл Киев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Володимир Зеленский ирэх 9-р сард зохион байгуулагдах НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор төлөвлөж байгаагаа хэллээ. Энэ үеэр тэрээр ялалтын төлөвлөгөөгөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд танилцуулах бөгөөд төлөвлөгөөний биелэлт цагаан ордны дэмжлэгээс ихээхэн шалтгаалахыг нэмж хэлсэн байна.
Украины ерөнхийлөгч ялалтын төлөвлөгөөгөө АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис болон Цагаан Ордны тэргүүн асан Доналд Трамп нарт бас танилцуулах юм байна. Тэгвэл дөрвөн үе шаттай төлөвлөгөө нь Курск руу хил дамнан хийсэн дайралтаа эхэлсэн бөгөөд түүний хэлснээр эхний үе шат амжилттай биелээд байна.
Цаашилбал ялалтын төлөвлөгөөнийх нь хоёр дахь чиглэл бол дэлхийн аюулгүй байдлын дэд бүтэц дэх Украины стратегийн байр суурь гэдгийг Зеленский хэллээ. Харин гурав дахь чиглэл нь ОХУ-д дипломат арга замаар дарамт шахалт учруулж, дайныг эцэслэх, дөрөв дэх чиглэл нь эдийн засгийн хориг арга хэмжээ юм байна.
Володимир Зеленський “Курск муж бол бидний төлөвлөгөөний нэг хэсэг бидний ялалтын төлөвлөгөө нь хэн нэгэнд амбицтай мэт санагдаж болох ч энэ бол бидний хувьд маш чухал төлөвлөгөө” хэмээн тайлбарлажээ.
Энэ сард Украины зэвсэгт хүчин хуурай замын гэнэтийн довтолгоог Курск муж руу хийснээр сэтгэл зүйн давуу талыг эдэлснээс гадна оросын байлдааны тактик арга барилыг өөрчлөхөд хүргэж байна.
Үүнээс гадна хэвлэлийн хурлын үеэр Володимир Зеленський Украины инженерүүд "Палианициа" хэмээн нэрийдсэн алсын тусгалтай шинэ загварын дроныг хөгжүүлж байгааг сайшааж, барууны холбоотнууд алсын тусгалын пуужин ашиглахыг хязгаарласан нөхцөлд дотоодын зэвсгээр хариу арга хэмжээ авахад түүнийг ашиглах боломжтойг хэлсэн байна.