Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр 282 иргэн баримт, бичгээ ирүүлснээс 33 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ

Удахгүй болох орон нутгийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлж, бичиг баримтаа ирүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэх эсэх талаар шийдвэр гараад байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийтдээ 17.000 гаруй нэр дэвшигч өрсөлдөхөө илэрхийлээд байснаас бичиг баримтын зөрчилтэй нэр дэвшигчдийн материалыг буцаасан байна. Тэгвэл тэдгээр нэр дэвшигчид зөрчлөө арилгаж, ахин бичиг баримтаа холбогдох сонгуулийн хороондоо илгээгээд байсан юм.

Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн 15 нам, 1 эвсэл болон бие даагч нар сонгуулийн хуульд заасан хугацаанд баримт бичгээ ирүүлжээ. Тодруулбал, нийслэлд ИТХ-д нийт 282 иргэн нэр дэвшихээр баримт бичгээ ирүүлснээс 33 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Учир нь ял шийтгэлгүй байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй байх, хугацаа хэтэрсэн татварын өр тооцоогүй байх, шилжилт хөдөлгөөний асуудалгүй байх зэрэг хуулийн үндэслэлийг баримтлан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.

Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан иргэдийн хувьд зөрчлөө арилган 9-р сарын 15-ны дотор шат шатны сонгуулийн хороонд материалаа эргүүлэн өгөх боломжтой юм. Үүний хүрээнд Нийслэлийн сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 33 иргэнээс 28 иргэн материалаа буцаан явуулсан байна.

Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд одоогоор 17.000 гаруй иргэн нэр дэвшихээ ийнхүү илэрхийлснээс нийслэлд 200 гаруй нэр дэвшигчийг бүртгээд байгаа талаар Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ. Мөн өнгөрсөн 4 удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дундаж ирц 57 хувьтай байжээ. Сонгуулийн ирцийн хувийг дээшлүүлэх хүрээнд холбогдох байгууллагууд нь орон нутгийн сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч, саналын хуудасны загвар болон санал тоолох автомат төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар танилцуулжээ.