Энэ оны эхний есөн сарын байдлаар орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 9100 орчим өрхөд зээл олгожээ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иргэд орон сууцтай болохын тулд өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглан ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагддаг. Гэсэн хэдий ч зээл шийдвэрлэгдэх хүлээлгийн хугацаанд түрээсийн орон сууцад амьдрах нь хүндрэлтэй байгаа төдийгүй байрны үнэ огцом өсөж байгаа нь иргэдэд санхүүгийн хүнд цохилт болж байна.
Зөвхөн энэ оны эхний 5-р сарын байдлаар нийт 20 орчим мянган иргэн ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргаж байжээ. Ипотекийн зээл нь хүү багатай хугацаа урт байдаг учир эрэлт үүсгэх, орон сууцын үнэ өсөх гол шалтгаан болж байгааг албаныхан тайлбарладаг. Иймд өдөр ирэх тусам зээл хүсэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа нь шийдвэрлэлтийн хугацааг уртасгадаг байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар ипотекийн зээл олгох хөтөлбөрийн хүрээнд 9100 гаруй өрхөд зээл олгожээ. Харин цаашид уг зээлийг олгохдоо хотын бүсчлэл байршил зэргээс шалтгаалан хүүгийн хувьд харилцан адилгүй байхаар тогтоох нь зөв гэж албаныхан үзэж байна.
Зөвхөн цахим орчинд л гэхэд ипотекийн зээл авах хүсэлтэй 40 орчим мянган иргэн нэгдсэн байна. Энэхүү бүлгэмд нэгдсэн иргэд зээлийн хүсэлтээ өгсөн ч урт хугацаанд хүлээх шаардлагатай байгаа талаар дурджээ. Мөн ипотекийн зээлээ шийдвэрлүүлэхийн тулд танил тал хайж байгаа гэдгээ ч илэрхийлсэн байна. Тэгвэл орон сууцын зээлээ шийдвэрлэгдэх хүртэл иргэд түрээсийн байранд хамгийн багадаа сард нэг сая төгрөгийг зарцуулдаг байна. Ийнхүү хүлээгдлийн хугацаандаа санхүүгээр хохирохоос гадна байрны үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгааг иргэд хэлж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт санхүүжилт нэмэгдсэнээр ипотекийн зээл олголт өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 151 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэсэн хэдий ч иргэдийн зүгээс гаргаж буй зээл олголттой холбоотой шүүмжлэл нэмэгдсээр байна. Учир нь ипотекийн зээл авахын тулд танилаараа дамжуулан оочир дараалал алгасах, мөн зарим тохиолдолд холбогдох албан тушаалтанд авлига өгөх тохиолдол ч гардгийг иргэд хэлж байна.