У.Хүрэлсүх: НҮБ-ын бодлогыг Монгол улс дэмжиж, санаачилгатай ажиллаж байна
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын ерөнхий ассамблейн 79-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна. Тэрбээр чуулганы эхний өдөр “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэлж олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар монгол улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулжээ.

АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож байна. Тэрээр чуулганы хүрээнд энэ сарын 22, 23-ны өдрүүдэд “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ад үг хэлж, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар монгол улсын байр суурийг илэрхийлсэн юм. Мөн МУ-ын ерөнхийлөгч НҮБ-аас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтийг Монгол улс дэмжиж байгаагийн зэрэгцээ санаачлагатай ажиллаж байгааг энэ үеэр илэрхийлжээ.

Өнгөрсөн 8-р сард Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулагдсан. Тус уулзалтаас гарсан “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал”-ын үзэл санаа нь “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-аар батлах төгсгөлийн баримт бичгүүдийн төсөлд тусгалаа олсныг Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ад хэлсэн үгэндээ онцолсон байна.

Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, 59 улсын дэд ерөнхийлөгч, засгийн газрын гишүүн, шадар сайд нар оролцож байгаа бөгөөд тэд чуулга уулзалтаар чухал 3 баримт бичгийг баталжээ.

Чуулга уулзалтын дараагаар Монгол улсын ерөнхийлөгч Бутаны хаант улсын ерөнхий сайд Цэрэн Тогбайг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэмбум мод” үндэсний хөдөлгөөн болон цог жавхлант хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачлагын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, хамтын ажиллагааг идэвхижүүлэхээр санал нэгджээ.

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцох юм.