Украины ерөнхийлөгч чуулганы индрээс хэлэхдээ дайн дуусах ёстойг онцолсон бөгөөд ингэхийн тулд нэгдсэн төлөвлөгөөнд талууд нэгдэх шаардлагатайг уламжиллаа. Түүний хэлснээр ялалтын төлөвлөгөөг нь Барууныхан дэмжвэл Москвад томоохон дарамтыг учруулна, тэр дундаа дайныг дипломат арга замаар шийдвэрлэх шахалтыг оху-ын ерөнхийлөгч Владимир Путинд үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Мөн “Ирээдүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалт”-ын үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленський дэлхийн удирдагчдыг “Шударга, энх тайван ирээдүйн төлөө” Украиныг дэмжихийг уриаллаа. Цааш нь тэрээр хэлэхдээ "Дэлхий дахинд энх тайван ирээдүй, тогтвортой хөгжил хэрэгтэй. Би үүнийг Оросын колоничлолын харгис түрэмгийллийг эсэргүүцэж байгаа Украины ерөнхийлөгчийн хувиар хэлж байна" хэмээсэн байна.
Тэгвэл Украины Засгийн газрын боловсруулсан ялалтын төлөвлөгөөнд тусгаснаар Киев болон түүний Өрнөдийн холбоотнууд нэгдмэл байж 12-р сарын эцэс гэхэд хурдан бөгөөд тодорхой шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Мөн Володимир Зеленський Украины тэргүүлж байгаа энх тайвны асуудлаарх хоёр дахь дээд хэмжээний уулзалтад ялалтын төлөвлөгөө нь дэлхий нийтийг холбох"Гүүр" болно гэдгийг онцолж, ОУ-ын хамтын нийгэмлэгийн санаачилгад нэгдэж, энх тайвны асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцохыг ОХУ-ын эрх баригчдаас хүссэн байна. Гэсэн хэдий ч дайсагнагч талуудын эв нэгдэлд алд зай байсаар байгааг шинжээчид хэлж байна.
В.Зеленский Украин улсыг НАТО болон Европын Холбоонд нэгтгэж, Оросын сүүлийн цэргийг эх орноосоо хөөн гаргахыг хүсэж байгаа ч үүнд хүрэх арга зам нь дипломат хүчин чармайлт гэдэгт санал нэгдэж байна. Хариуд нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Киевийн тал Украины зүүн болон өмнөд нутгийг Москвагийн эрхшээлд орхиж, НАТО-д элсэх төлөвлөгөөгөө цуцалсан тохиолдолд д л энхийн хэлэлцээг эхлүүлэхээ мэдэгдээд байна.