Даваа гаргийн орой Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хаяши Ёшимаса болсон явдлын талаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийсэн байна. Тэрээр оросын ИЛ-38 эргүүлийн онгоц даваа гаргийн 13.00-16.00 цагийн хооронд Хоккайдо арлын хойд хэсгийн Ребун арлын ойролцоо Японы агаарын орон зайд зөвшөөрөлгүйгээр гурван удаа нэвтэрснийг хэлсэн байна.
Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчний сөнөөгч онгоцууд өдөөн хатгасан үйлдэлд шуурхай хариу арга хэмжээ авсан бөгөөд тийрэлтэт онгоцууд Оросын нисэх онгоцны хөлгийн багийнханд сэрэмжлүүлэг болгож агаарын замд нь гэрэл, дулаан ялгаруулдаг бамбар ашигласан байна. Энэ нь Японы агаарын өөрийгөө хамгаалах хүчин агаарын довтолгоо, халдлагын эсрэг цогц арга хэмжээ авч эхэлснээс хойш анх удаа гал цацруулагч ашигласан тохиолдол болжээ.
Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож байгаа Японы Ерөнхий сайд Фүмио Кишида гурван зааварчилгааг өгсөн бөгөөд эхнийх нь Японы газар нутаг, далай, агаарыг хамгаалахын тулд тайван боловч хатуу шийдэмгий хариу үйлдэл үзүүлэх, хоёрт АНУ болон бусад холбогдох улсуудтай нягт уялдаа холбоотой ажиллах, гуравт нь Японы ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгт зохих мэдээллийг цаг тухайд нь илгээх талаар дурдсан байна.
Ёшимаса Хаяши Японы агаарын орон зайг зөрчсөнд туйлын харамсаж байгаа төдийгүй дипломат шугамаар Оросын Засгийн газарт эсэргүүцлээ илэрхийлээд, давтан халдлага үйлдвэл зохих хариуг нь барихаа анхааруулсан байна.