Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр нээлээ. Тендерт шалгарсан байгууллага Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Тус талбайд нийт 18 блок орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн ба үүнтэй холбоотой зарим тоон мэдээллийг хүргэе.
-
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 6 томоохон дэд төв байгуулахаар төлөвлөгдсөн байдаг. Үүнээс “Сэлбэ дэд төв”-ийг орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 2206 нэгж талбарыг чөлөөлөх ажил явагдаж байна.
-
Газрыг бүрэн чөлөөлж дууссаны дараагаар ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаж байна. Чөлөөлөгдсөн талбайн 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж цогцлоох юм.
-
Тэгвэл энэхүү төслийн эхний ээлжийн 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууцны барилга баригдана . Үүнд 10 блок есөн давхар орон сууц, 8 блок таван давхар орон сууц барихаар төлөвлөжээ.
-
Уг бүтээн байгуулалтын ажил нь 240 тэрбум төгрөгийн төсөвтэй ба одоогийн байдлаар багц тус бүрт хоёр оролцогч компани тендерийн материал ирүүлсэн байна.
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг өнгөрөгч сарын 26-ны өдөр зарлаж, өнөөдөр тендерийг нээлээ. Нийт 240 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөлд хоёр компани материлаа ирүүлжээ.
Цаашид үнэлгээний хорооноос холбогдох үнэлгээг хийж гүйцэтгэх бөгөөд ажлын 15 хоногт тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргэх юм байна. Тендер нээснээс хойш ажлын 30 хоногт шалгарсан компанитай гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Улмаар 2025 оны 12 дугаар сард барилгын ажил бүрэн дуусахаар тооцоолжээ. Шинээр баригдах хорооллуудын цэвэр усны шугамыг анх удаа зэс хоолойгоор угсрах бөгөөд орон сууцны барилгуудын дээвэр дээр нарны эрчим хүчний хавтан байрлуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр хуримтлагдсан эрчим хүчээр орцны гэрэл, лифт, гарааш зэрэг нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны хэрэглээг шийдэх юм байна.