Аялахаар төлөвлөж байгаа хэн бүхэн дэлхийн хаанаас ч нисэх буудал, зочид буудал болон аялал жуулчлалын үйлчилгээг нэг дороос Trip.com-оос онлайнаар дамжуулан авах боломжтой байдаг. Тиймээс ч Trip.com нь 500 сая гаруй тогтмол хэрэглэгчтэй, дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх платформ юм. Тэгвэл манай улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин Trip.com группийн гүйцэтгэх захирал Жэйн Сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Засгийн газраас тогтвортой аялал жуулчлалын салбарыг технологийн дэвшилтэй хослуулан хөгжүүлж, 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа. Тиймээс энэхүү хамтын ажиллагаа нь манай улсын аялал жуулчлалын салбарт шинэ боломжуудыг нээж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болохоор байна.
Хамтын ажиллагааны хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд контентоор дамжуулан сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллах юм байна.