Швейцарын Шаффхаузен хотын цагдаа нар хэрэглэгчийн амиа егүүтгэх үйл явц хууль ёсны дагуу хэрэгжсэн эсэхэд эргэлзэж байгаа тул ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ
Өнгөрсөн Мягмар гарагт Швейцарын цагдаа нар амиа егүүтгэх капсул төхөөрөмж хэрэглээнд нэвтрүүлсэн нэгэн компанийн удирдлага болон анхны хэрэглэгчийг нь олж өгсөн зуучлагчдыг шалгаж эхэлжээ.  Дэлхийн цөөн хэдэн улсад хүмүүсийг сайн дурын үндсэн дээр бусдын тусламжтайгаар амиа хорлохыг зөвшөөрдөг бол Швейцар улсад өөрийн хүсэлтээр амиа хорлохыг зөвшөөрдөг ч хоёрдогч этгээдийн оролцоог хуулийн дагуу хориглодог байна.

Нидерланд улсад төвтэй “Exit International” хэмээх компани Швейцар улсад 1 сая ам.долларын өртөг бүхий амиа егүүтгэх капсул төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авсан ч саяхныг хүртэл хэрэглэгчдэд хүргээгүй байжээ. Тэгвэл АНУ-ын иргэн 64 настай, хорт хавдрын сүүлийн шатандаа орсон хэрэглэгч Швейцар улсад хүрэлцэн очиж, тус төхөөрөмжөөр үйлчлүүлсэн байна. Харин Швейцарын Шаффхаузен хотын цагдаа нар хэрэглэгчийн амиа егүүтгэх үйл явц хууль ёсны дагуу хэрэгжсэн эсэхэд эргэлзэж байгаа тул ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Мөн прокурорын байгууллагаас Шаффхаузен хотын прокурорууд энэхүү төхөөрөмж нь хүмүүст амиа хорлох сэдэл төрүүлсэн, амиа хорлоход хүргэсэн, тусалсан гэсэн шалтгаанаар эрүүгийн хэрэг нээн шалгах тушаал өгсөн байна. Баривчлагдсан дөрвөн хүний ​​дунд тус компанийн Швейцар улс дахь төлөөлөгч, хэрэглээг сурталчилсан сэтгүүлч нар багтаж байгааг эх сурвалжууд дурдсан байна. Энэхүү капсул нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихэд татаж, эрх баригчдын дунд үүнийг зөвшөөрөх эсэх талаар хэлэлцүүлэг хүртэл өрнүүлж байсан ажээ.

Sarcom хэмээх энэхүү төхөөрөмж нь капсул хэлбэртэй бөгөөд дотор талд нь байрлах товчлуурыг дарснаар бүхээг нь азотын хийгээр дүүрч, улмаар хэрэглэгч хүчилтөрөгчийн дутагдалд орж нас бардаг байна.