Мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хот агаарын цохилтод өртөх үеэр Хезболла бүлэглэлийн жигүүрийн командлагч ибрахим Кубаиси амь үрэгдсэнийг израилийн Засгийн газрын эх сурвалжууд хэвлэлд ярьсан байна. Кубайси гэгч нь хезболла бүлэглэлийн пуужин, пуужингийн анги нэгтгэлийг удирдаж байжээ.
Израилын арми өнгөрсөн Даваа гаргаас эхлэн хоёр өдөр дараалан Ливаны газар нутагт сүйрэл дагуулсан агаарын довтолгоо явуулсан нь 600 орчим иргэний аминд хүрснээс гадна 1835 хүнийг шархдуулж, бүс нутгийн 200 мянган оршин суугчийг шилжин суурьшихад хүргэснийг Ливаны Эрүүл мэндийн сайд Фирас абиад хэвлэлд ярьсан байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр буюу Лхагва гарагт хуралдаж, мөргөлдөөний асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдлээ. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антонио Гутерриш "Ливан улс сүйрлийн ирмэг дээр байна. Ливаны ард түмэн, израилийн ард түмэн, дэлхийн ард түмэн ливаныг газын зурвас болгохыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдлээ.
Энэ долоо хоногт үргэлжилж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ану-ын ерөнхийлөгч жо байден дайсагнагч талуудыг тайвшрахыг уриалж, "Бүрэн хэмжээний дайн хэний ч ашиг сонирхолд нийцэхгүй. Хэдий нөхцөл байдал хурцадсан ч дипломат аргаар шийдвэрлэх боломжтой" болохыг тэрээр онцолжээ.
Хариуд нь Ливаны Гадаад Хэргийн сайд Абдаллах Бу Хабиб Байдены мэдэгдлийг "Үр дүнгүй, ирээдүйгүй" гэж шүүмжлээд, "Ойрх Дорнод болон Ливанд үнэхээр өөрчлөлт хийж чадах цорын ганц улс бол АНУ" гэдгийг уламжилсан байна. Ливаны Гадаад Хэргийн сайд АНУ бол "Бидний авралын гол түлхүүр" бөгөөд зэвсэгт мөргөлдөөний уршгаар тус улсын өмнөд хэсгээс нийслэл Бейрут хотод дүрвэн ирсэн хүүхдүүд сургуульгүй, зарим нь толгой хоргодох гэр орноо алдсанаар урцанд аж төрж байгааг уламжилсан байна.