Бордюр солих явцдаа хуулсан явган хүний замыг засварлахгүй байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна
Нийслэлд хийгдэж байгаа авто замын шинэчлэл, бордюр солих ажил ид дундаа үргэлжилсээр энэ долоо хоногт л гэхэд нийт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөжээ. Хэдийгээр бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажил өрнөж байгаа ч явган хүний зам талбайг хуулсан, тохижилтыг буулгасан үйлдлүүд нь эргэж засагдахгүй удаж байгаад иргэд бухимдалтай байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 19, 20-р хорооны орон сууц, сургуулийн орчмын авто замыг шинэчилж, бордюрыг сольж дууссанаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл явган хүний замыг эргүүлэн хуучин хэвэнд нь оруулж засаагүй байна.

Хан-Уул дүүргийн 19, 20-р хорооны орон сууцны дундах авто замын шинэчлэлийн ажлыг 8 дугаар сарын сүүлээс хойш хэсэгчилсэн байдлаар явуулж байна. Нийт 1.6 км зам засварлах ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол бордюрыг бүрэн сольж дуусжээ. Гэсэн ч бордюр солих явцдаа хуулсан явган хүний зам талбайг одоог хүртэл засварлаагүй нь иргэдэд хүндрэл учруулж байна.

Хороолол дундах зам засварын ажлыг тухайн дүүргийн хөрөнгө оруулалтаар тендерт шалгарсан компани гүйцэтгэж, Нийслэлийн Замын Хөгжлийн газраас хяналт тавьж ажилладаг байна. Тиймээс нийслэлийн замын хөгжлийн газраас тухайн асуудлыг тодруулахад хан-уул дүүргийн 19, 20-р хорооны авто замын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа компаний зураг төсөлд явган хүний замыг шинэчлэх ажил тусгагдаагүй юм байна.

Гүйцэтгэгч компанийн зүгээс зөвхөн өөрсдийн хуулсан явган хүний замыг хэвийн болгох ажлыг гүйцэтгэж байгаа талаар мэдээлэл өглөө. Харин үлдсэн замыг хэн, хэзээ засах нь тодорхойгүй байна.

Энэ мэтчилэн нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлийн ажил явагдаж байгаа байршил бүрд явган хүний замыг хуулсан, засварлаагүй орхисон дүр зургууд тод байна. Тэгвэл иргэд үүнийг бид нэг ажил хийхдээ нөгөө ажлаа устгаад байна хэмээн хурцаар шүүмжилсээр байна. Мөн бордюрыг стандартад нийцүүлж өндөрлөхдөө өнөөх тэргэнцэртэй, дугуйтай иргэн, хүүхдийн тэрэг буулгах налуу замуудыг ч ор тас орхигдуулсныг иргэд хэлж байна.