Цэцэрлэгийн нэг хүүхдийн өдрийн хоолны зардал 2470 төгрөг байдаг. Гэвч энэ нь хоол, хүнсний материал авахад хүрэлцэхгүй, шим тэжээллэг хоол үйлдвэрлэх боломжгүй байдаг тухай монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн тайланд дурджээ. Энэ жилийн тухайд цэцэрлэгт 292 мянга гаруй хүүхэд суралцана. Засгийн газраас хүүхдийнхээ хоолыг эцэг эх, асран хамгаалагч нь төртэй хамтран төлдөг болох зохицуулалт боловсролын ерөнхий хуульд орсон. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд зориулан эцэг эх, асран хамгаалагчид хоногт 1000 төгрөг нэмж төлдөг болсноор хүүхэд илүү шим тэжээлтэй хооллох боломжтой болно гэдгийг салбарынхан онцолж байсан юм. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр 10-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Уг шийдвэрт цэцэрлэгийн багш, ажилтнуудын зүгээс дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Тухайлбал хүүхэд өдөрт авах шим тэжээлийнхээ 80 орчим хувийг цэцэрлэг дээрээсээ авдаг. Тиймээс чанартай хоол хүнсийг хүүхдэд зориулснаар хүүхдийн өсөлт хөгжилд ч сайн нөлөөтэй гэдгийг хэлж байна.
Өнгөрсөн тавдугаар сард засгийн газрын тогтоол гарч, хүүхдийн хоолны мөнгө 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 2500-3000 төгрөг болсон мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52-53 хувьтай болсон. Тэгвэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. Тиймээс засгийн газраас эцэг эхчүүдээс өдөрт 1000 төгрөг хураах шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.
Ийнхүү хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, үлдсэн харин 25 хувийг эцэг эх хариуцахаар болж байна. Харин зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, мөн босго шугамаас доогуур орлоготой өрхийн нийт 50.440 хүүхдийн хоолны зардлыг төр бүрэн хариуцахаар болжээ.