Израилын арми Ливаны нийслэл Бейрут хотыг онилон агаарын цохилт өгөх үеэр Ираны дэмжлэгтэй “Хезболла” бүлэглэлийн удирдагч Хассан Насралла амиа алдсан нь тогтоогджээ. Өнгөрөгч Бямба гарагт Ливаны эх сурвалжууд Хезболла-гийн дээд удирдагч Хассан Насралла болон Ираны хувьсгалд Гвардын нөлөө бүхий генерал Аббас Нилфорушаны хамт алагдсаныг баталгаажуулжээ.
Тэгвэл Ням гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливан улсад төвтэй Исламын шашинт "Хезболла" бүлэглэлийн удирдагч амиа алдсан тухай мэдэгдсэн ч агаарын довтолгоогоо эрчимжүүлэхийн зэрэгцээ хуурай замын цэргийн ажиллагаа явуулахыг эрмэлзэж байгаагаа онцоллоо.
Тэрээр Хассан Насраллаг нас барсны дараа хэлэхдээ, түүний улс, зэвсэгт хүчин "Аугаа амжилт гаргасан ч ажил дуусаагүй байна" хэмээн хэлжээ. Биньямин Нетаньяху "Насраллаг устгах нь Израилын тавьсан зорилтдоо хүрэх зайлшгүй нөхцөл" гэдгийг уламжилсан байна.
Түүнчлэн Израилын Ерөнхий сайд улс орон нь "Түүхэн эргэлтийн цэг гэж үзэх зүйл" дээрээ ирснийг уламжилж, Палестины Исламын Хамас бүлэглэлтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлдэг Хезболла бүлэглэлд цохилт өгөх нь Газын зурваст барьцаалагдсан хүмүүсээ суллах хамгийн том санаачилга гэдгээ хэллээ.
Тэгвэл Хезболла бүлэглэлийн удирдагч Насралла амиа алагдсаны дараа ч Израилын армийн Ливан улсад өгөх цохилт улам бүр эрчимжиж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Өнгөрөгч Бямба гарагт өгсөн агаарын довтолгооны уршгаар Ливаны 90 орчим иргэн амиа алдаж, 195 хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
Үүнээс гадна Ням гарагт Израилын арми Йемен дэх Хути босогчдын байгууллагатай холбоотой объектуудад агаарын цохилт өгсөн байна. Израилын Засгийн газар Ливаны газар нутагт хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа талаараа мэдэгдсэнийхээ дараа Йемен дахь Хути-гийн стратегийн ач холбогдолтой байршлуудад цохилт өгсөн байна.