Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 87 байршилд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн үүнээс өнөөдрийн байдлаар 38 байршилд зам засварын ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрөгч амралтын өдөр хийгдэх байсан ажил хийгдэлгүй зогссон байна. Ингэснээр зам засварын ажил удаашрах төлөвтэй байгаа ч энэ ондоо багтаан төлөвлөсөн байршлуудад ажлыг хийж дуусгана гэдгийг албаныхан мэдэгдлээ.
Энэ онд нийслэлээс нийт 260 орчим тэрбум төгрөгийг зам засвар шинэчлэлийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн. Ингэснээр нийслэлийн хэмжээнд 87 байршилд 162.3 км авто зам шинэчлэх ажил хийгдэж байгаа. Үүнээс 38 байршилд буюу 51 км авто замд засвар шинэчлэлтийн ажил бүрэн дуусжээ. Засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 хоног бүр 3-4 байршилд тогтмол засвар хийхээр төлөвлөсөн тодруулбал, өнгөрсөн 7 хоногт гэхэд 4 байршилд нийт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ амралтын өдрүүдэд хийгдэх байсан зарим байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулжээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн зам засварын ажил хойшилж байгаа ч энэ ондоо багтаан төлөвлөгдсөн байршлуудыг дуусгана гэдгийг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн замын хөгжлийн газар, нийслэлийн засаг даргын тамгын газраас зам засвартай холбоотой мэдээллийг 72 цагийн өмнө иргэдэд хүргэн ажиллаж байгаа тул иймд иргэд, жолооч нарыг мэдээллийг цаг тухай бүрд нь авч хаасан замаас өөр замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.