Цахилгаан, дулааны үнийг нэмэхээр холбогдох байгууллагууд болон дэд хорооноос нь судалж байна. Одоогоор хэдэн төгрөгөөр, хэзээ нэмэх талаарх албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч ойролцоогоор цахилгаан, дулааны үнийг 30-50 хувиар нэмэх тооцоололтой байгааг холбогдох албаныхан хэлж байна.
- Хэрэглээний цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувь нэмэгдүүлэх тооцооллыг урьдчилсан байдлаар гаргаад байгаа юм. Гэвч энэ шийдвэр нь албан ёсоор эцэслэн баталгаажаагүй байгаа юм.
- Тэгвэл цахилгаан, дулааны үнийг 30-50 хувиар нэмснээр инфляц буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд 1 орчим хувиар дарамт орж ирэхээр байгааг Монголбанкны зүгээс мэдээлж байна. Мөн Дэлхийн банк, НҮБ-ын сангаас 2 орчим хувиар нөлөөлнө гэж тооцоолжээ.
- Өнөөдрийн нөхцөл байдалд дулааны цахилгаан станцын тоноглолын 19 хувь нь, шугам сүлжээний 40 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Түүнчлэн иргэд эрчим хүчний хязгаарлалтад өртөж, томоохон бүтээн байгуулалтын ажилд ч доголдол үүссэн нөхцөл байдалтай байгаа юм.
- Мөн 2019 оноос хойш айл өрхийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүлээгүй бөгөөд 2022 оны байдлаар 1 киловатт.цагт 243 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа боловч 175 төгрөгөөр хэрэглэгчдэд түгээж байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн хүрээнд дэд хороог байгуулсан. Одоогоор цахилгаан, дулааны үнийг хэдэн төгрөгөөр нэмэхийг судалж байгаа бөгөөд ирэх 11-р сард багтаан үнийн өөрчлөлтийг эцэслэн тогтоох юм байна. Дулаан, цахилгааны үнийг нэмэгдүүлэх нь эргээд бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаар судлаачид болон төв банкнаас тооцоолж үзсэн байна.
Цахилгаан, дулааны үнийг нэмэх нь тодорхой хэмжээнд хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлтөд нөлөөлнө. Гэвч айл өрхийн цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Учир нь тус салбарын алдагдлаас шалтгаалж энэ өвлийн хувьд ч иргэд эрчим хүчний хязгаарлалтад орохоор байгааг салбарынхан сануулсаар байгаа. Мөн эрчим хүч үйлдвэрлэж байгаа үнээсээ бага өртгөөр иргэдэд түгээж ирснээс үүдэж дулааны 3-р цахилгаан станцын нэг тоног, төхөөрөмж энэ жилээс ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Дулааны эрчим хүч нь бодит өртгөөсөө бага өртгөөр хэрэглэгчдэд хүрдэг тул тус салбарын алдагдлыг арилгаж, тоног төхөөрөмжийг сайжруулах, цаашлаад ашиглалтын хугацаа хэтэрсэн дулааны цахилгаан станцуудыг шинээр барьж байгуулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Тиймээс ч үнэ тарифыг нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм.