Метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн эхний үе шатыг 10-р сарын 3-ны өдөр зарлана

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн эхний үе шат 10-р сарын 3-ны өдөр зарлагдахаар болсон байна. Харин тендерийн 2-р үе шат ирэх онд зохион байгуулагдана гэдгийг холбогдох албанаас мэдээллээ.

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийг 2024 оноос шуурхай хэрэгжүүлж, төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг нээлттэй зохион байгуулсан. Улмаар БНСУ-ын “Донва инженеринг” ХК өнгөрсөн 7-р сараас метро барих ажлын зөвлөх үйлчилгээг хариуцан хэрэгжүүлж, төлөвлөлтүүдээ боловсруулж байгаа юм. Төлөвлөгөөний дагуу энэ 10-р сараас 12-р сарын хооронд барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нэгдүгээр үе шатыг зохион байгуулахаар болсон. Тэгвэл энэхүү метроны ажлыг урагшлуулах техник дизайныг хийх ажлын хэсэг хуралдсан байна. Хуралдаанаар техникийн тодорхойлолтоо баталжээ. Ингэснээр тус баталсан техникийн тодорхойлолтоо тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлж тендерийн үнэлгээний хороо 10 сарын 3-нд эхний шатны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Одоогоор метроны судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд газрын гадаргуугийн геологи хөрсний судалгааг хийж тодорхой байршлуудад өрөмдлийн ажлыг эхлүүлж анхан шатны мэдээлэл цуглуулж байгаа юм.

Ийнхүү 10-р сарын 3-ны өдөр метро барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эхний тендерийг зарласны дараа 2-р үе шатыг ирэх онд зохион байгуулах юм. Мөн он дуусахаас өмнө метроны өмнөх ТЭЗҮГ шинэчлэхээр төлөвлөсөн байна. Энэхүү их багтаамжийн тээврийн хэрэгсэл метро барих төсөл нь нийтдээ толгойтоос амгалан хүртэлх 18 км урттай 14 зогсоолтой, ил болон далд инженерийн барилга байгууламж, авто зогсоолууд зэргийг багтаасан цогц төсөл болно гэдгийг албаныхан онцоллоо.