Гималайн эргийн улсад өнгөрсөн баасан гаргаас эхлэн усархаг аадар бороо орж эхэлснээс хойш буюу өнгөрсөн хоёр хоногт үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалтын үүссэний уршгаар 100 гаруй хүн амиа алдсан нь тогтоогджээ. Тэгвэл Балбын аврагчид 500 гаруй оршин суугч сураггүй алга болсон тухай мэдээлж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг уламжиллаа.
Балбын эрх баригчид тус улсын нийслэл Катманду болон захын дүүргүүдэд гол мөрөн урсаж, байшингууд усанд автаж, томоохон замууд хаагдсаны дараа онцгой байдал зарлажээ
Гамшигт өртсөн бүс нутгаас авсан дүрс бичлэгт гудамжнууд үерийн усаар дүүрч, шавар урсаж, хөрсний гулгалт үүссэн төдийгүй оршин суугчдыг завиар аварч байгаа нь харагдаж байгаа юм.
Жил бүрийн өдийд балба улсад борооны улирал тохиож, аадар бороо орон даяар сүйрэл дагуулдаг байна. Гэхдээ өнгөрсөн 7-р сард Балба улсын төвийн уулархаг бүсэд хөрсний гулгалт үүсэж, хоёр автобус голд урсаж, 20 хүн амиа алдаж, 40 орчим хүн сураггүй алга болсон гэж мэдээлсэн төдийгүй сураггүй алга бологсдыг эсэн мэнд олсон байна.
Тэгвэл Балбын цаг уурын байгууллагаас Энэтхэгийн зарим хэсгийг хамарсан Бенгалын булан дахь агаарын нам даралттай холбогдуулан борооны үүл нүүдэллэхгүй байгаа нь үерийн гамшиг нүүрлэх гол шалтгаан болсон гэж тайлбарлаж байна.