Австри улсын бүх нийтийн сонгуульд дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа Хэт барууны үзэлтнүүд ялалт байгууллаа

Өнгөрсөн Ням гарагт Австрийн бүх нийтийн сонгууль болж, тус улсын Хэт барууны үзэл сурталт эрх чөлөө нам дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа ялалт байгууллаа. Европын барууны үзэл баримтлалтай улс төрийн намууд “Австрийн эрх чөлөө нам”-ын ялалтыг тэмдэглэж, цагаачлалын асуудлаарх нөхцөл байдал хүндэрсэн чухал үед энэ ялалт консерваторуудад түлхэц нөлөө үзүүлснийг онцолсон байна.

Херберт Кикл тэргүүтэй Австрийн эрх чөлөө нам эдийн засгийн нөхцөл байдал нь өдрөөс өдөрт дордож, дааж чадахаасаа олон цагаач хүлээн авах шийдвэр гаргаснаар ард иргэдээ үзэл суртлын хувьд нэгтгэж чадаагүй тус улсын өмнөх Засгийн газрыг шүүмжилж байсан юм. Ням гарагт болсон парламентын сонгуульд Австрийн Эрх чөлөө нам сонгогчдын 29 орчим хувийн саналыг авснаар дараагийн Засгийн газрын удирдаж болохуйц ялалт гэж үзэж байна.

Австрийн эрх чөлөө нам Херберт Кикл тогтвортой эвсэл байгуулах түншээ олох ёстой байгаа ч зүүний үзэл баримтлалтай улс төрийн намууд түүний удирдлага дор хамтран ажиллахаас татгалзаж, Засгийн газар эмхлэн байгуулах өөр хувилбарыг дор бүрнээ эрэлхийлж эхэлснийг эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ Европ дахь Хэт барууны үзэл баримтлалтай улс төрийн нам, эвслүүд тэр дундаа Францын Үндэсний ралли, Германы Альтернатив намын хууль тогтоогчид Австрийн эрх чөлөө намын ялалтыг сайшааж, дангаар засаглах боломжтой гэж хүртэл үзэж байна.

Тухайлбал Францын Мари Ле Пен "Итали, Нидерланд, Францын сонгуулийн дараа “Үндэсний эрх ашгийг хамгаалах, өвөрмөц байдлаа хамгаалах, тусгаар тогтнолоо амилуулахыг дэмжсэн давалгаа нь намын бус ард түмний ялалт" хэмээн мэдэгдлээ. Хэт барууны үзэлт Германы Альтернатив намын удирдагчдын нэг Бьорн Хокке Австрийн эрх чөлөө намын ялалтыг "Сенсац" гэж тодорхойлоод энэ ялалт бол Австрийн ялалт биш бөгөөд энэ нь Европын ард түмний ялалт, хөгжил дэвшлийн сайн шинж тэмдэг” хэмээн мэдэгдлээ.

Тэгвэл судлаачид Австрийн хэт барууны үзэлтнүүдийн ялалт нь Европын холбоонд хагарал үүсгэж болзошгүй гэж эмээж байна. Тэр дундаа Оросын түрэмгийллийн эсрэг Украиныг дэмжих зэрэг гадаад бодлогын асуудлаарх санал зөрөлдөөнийг улам гүнзгийрүүлнэ гэж харж байна. Энэ оны эхээр Австрийн Эрх чөлөө намын дарга Херберт Кикл Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны Фидес намтай эвсэж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, Украинд үзүүлэх тусламж зэрэг ЕХ-ны томоохон шийдвэрүүдийг байнга хааж, хойшлуулсаар өдийг хүрсэн юм. Тэрээр Украинд олон тэрбум долларын тусламж үзүүлэхийн эсэргүүцэж, оронд нь тэр мөнгөөр дотоодын асуудлуудаа шийдвэрлэх ёстойг удаа дараа мэдэгдэж байлаа.