Ахмадуудын тэтгэвэр хэрэглээнд нь хүрэлцдэггүй тул тэд ажил хөдөлмөр эрхлэх сонирхол өндөр байна

1992 оноос эхлэн манай улс ахмад настны эрхийн өдрийг 10-р сарын 1-ний өдөр тэмдэглэн ирсэн. Ахмад настны хуультай цөөн орны нэгээр Монгол улс нэрлэгддэг ч өнөөдөр ахмадын эрх зөрчигдөж, тэдний тэтгэвэр хэрэглээнд хүрэлцдэггүйгээс үүдэн амьжиргааны түвшин доошилсоор байна.

  • Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт хүн амын 10 хувь буюу 400.000 орчим нь ахмад настан байна.
  • Монгол улсын хүн амд эзлэх ахмадын тоо 2030 он гэхэд 11.9 хувь болох бол 2050 онд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ.
  • Манай улсын дийлэнх ахмад настны тэтгэвэр бага мөнгөн дүнгээр тогтоогддог учир тэдний амьжиргаанд хүрэлцдэггүй байна. Монголын ахмадын холбооноос гаргасан судалгаагаар нийт ахмадуудын 16.7 хувь буюу 28.000 ахмад настан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой байна.
  • Тиймээс ахмадууд хөдөлмөр эрхэлж, нэмэлт эх үүсвэртэй болохыг хүсдэг ч ажлын байрны олдоц ховор байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт ахмадын 20.7 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж байна.

Ахмадын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байгаа ч энэ нь тэдний амьдралд хангалтай хэмжээнд хүрэлцэхгүй байна. Тиймээс ахмадууд орлогын өөр эх үүсвэртэй болохыг зорин ажил хийхийг хүсэж байгаа ч ажлын байрны олдоц ховор байна. Цалингүй, тэтгэвэр нь хүрэлцдэггүй энэ нөхцөл байдалд ахмадуудын хөдөлмөр эрхлэх боломжийг сайжруулах хэрэгтэйг хэлж байна.

Тэтгэвэр хүрэхгүй байгаа нь олон ахмадын өмнө тулгарч байгаа асуудал. Ахмад настны тэтгэврийг хэчнээн нэмсэн ч дагаад бараа, бүтээгдэхүүний үнийн хөөргөдөл үүсэж байгаа учир энэ нь үр дүнгүй нэмэгдэл болж байна. Тиймээс тодорхой бараа бүтээгдэхүүний үнийн хязгаарлалтыг хийх чиглэлд арга хэмжээ авч ажиллах мөн Монголын өнөөгийн энэ нөхцөлд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зайлшгүй хэрэгтэй байгааг ахмадын холбооноос тайлбарлаж байна.

Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр холбогдох албанаас тодруулахад өндөр настнууд хувиараа хөдөлмөр эрхлэх бол 24 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 8 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч болдог байна. Мөн ахмад настнууд холбогдох салбарын ААН, байгууллагын ажилтнууддаа зөвлөх үйлчилгээг үзүүлж цалинжихаас гадна хүүхэд хамгааллын үйлчилгээний чиглэлээр ажиллаж болох юм. Ингэхдээ харьяа дүүрэг, аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газартаа хандах хэрэгтэй.

Ахмад настнуудыг боломжтой ажлын байрт, цагийн хуваарийн уян хатан байдлаар хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж чадах юм бол манай улсын олон салбарт нүүрлээд байгаа хүний нөөцийн дутагдлыг нөхөх боломжтой. Мөн өнгөрсөн 6-р сард ахмад настны хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль ирэх оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн найруулгад ахмадын хөдөлмөр эрхлэлтэй холбоотойгоор чухал заалт орж ирсэн нь 50 болон түүнээс дээш ажилтантай байгууллага ажилчдын 2-оос доошгүй хувьд нь ахмад настан авч ажиллуулна гэсэн заалт нэмэгдсэн байна.