126 гишүүнтэй шинэ парламентын намрын анхны ээлжит чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын намрын анхны ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар УИХ 2025 оны улсын төсөв, УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, хууль эрх зүйн шинэчлэлийн гурван төгөлдөршил зэрэг чухал хууль тогтоомжуудыг хэлэлцэн батлах юм.

126 гишүүнтэй, салбар бүрийн төлөөлөл орж ирсэн шинэ парламент ийнхүү намрын ээлжит чуулганаа нээлээ. Энэ удаагийн парламент баталж буй хууль бүр нь чанартай, нийгмийн амьдралыг зохицуулахад бодит хувь нэмэр оруулсан хуулиуд байна гэдгийг УИХ-ын дарга онцоллоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн баталсан хуулийнхаа тоогоор ажлаа дүгнүүлдэг байдлыг халж, санаачилсан хууль тогтоомж нь иргэдийн өдөр тутмын амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж чадахуйц, үр дүн гаргаж ажиллахыг чухалчилжээ.

Энэ намрын чуулганаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж, солонгоруулах, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах хууль, эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа юм.