АНУ-ын Боомтуудын үйлдвэрчний эвлэлийн холбоо ажил хаялт зарласнаар тус улсын 30 гаруй далайн боомтын хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлжээ. Мягмар гарагт АНУ-ын Зүүн болон Өмнөд хэсгийн далайн боомтуудын 45 мянга гаруй ажилчин компанийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч чадаагүй тул ажил хаялтад нэгдэж байгаагаа мэдэгдсэн байна.
Боомтын ажилчид цалингаа 50 орчим хувиар нэмүүлэх, автоматжуулалтын технологийг ашиглах талаар тохиролцоонд хүрэхийг шаардаж байна. Харин ажил олгогчид цалингийн өсөлт нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан өсөх ёстой гэж хариу мэдэгдээд, ажилчдын шаардлагыг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэх тайлбар өгсөн байна.
Энэхүү ажил хаялтад Нью-Йорк, Нью Жерси, Техас зэрэг хэд хэдэн мужийн боомтын ажилчид нэгдсэн бөгөөд Ройтерс агентлагийн мэдээлснээр эдгээр боомтууд нь АНУ-ын хоол хүнс, эм тариа зэргийн импорт, экспортын бараг тал хувийг хүлээн авдаг, бас тээвэрлэдэг байна.
Мөн боомтууд хаагдсанаар АНУ-ын эдийн засагт өдөрт 4.5 тэрбум ам.долларын хохирол учрах тооцооллыг шинжээчид гаргасан байна. Тэр дундаа түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнтэй харьцдаг жижиглэн худалдаачид зэрэг олон төрлийн бизнест сөргөөр нөлөөлж болзошгүй байна.