Энэ Мягмар гарагт Ираны талаас 180 гаруй баллистик пуужингаар Израилын газар нутагт довтолсноор Ойрх Дорнодын хурцадмал байдал улам бүр даамжирч, мөргөлдөөн өргөжлөө. Энэ халдлагын өмнө Израилын арми Ливаны нийслэл Бейрут хот руу агаарын цохилт өгч Хезболла бүлэглэлийн удирдагчийг хөнөөгөөд зогсохгүй 1000 гаруй энгийн иргэний аминд хүрсэн юм.
Мягмар гарагт Израил улс даяар агаарын довтолгооны дуут дохио хангинаж, оршин суугчид тэсрэх бөмбөгнөөс хоргодох байр руу гүйлдэж эхэлсэн байна. Энэ үеэр тэнгэрт пуужингууд үзэгдсэн ч Израилын агаарын довтолгооноос хамгаалах систем цохилтыг амжилттай няцаасан гэж мэдэгдлээ.
Израилын Засгийн газрын мэдэгдэлд өгүүлснээр Ираны талаас багадааа 180 орчим алсын тусгалын баллистик пуужингаар довтолсныг “Iron dome” системээрээ амжилттай няцаасан бөгөөд пуужингийн сэг зэм газардах үеэр бүс нутгийн 4 оршин суугч шархадсан байна.
Эргэн сануулахад сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Ливаны Хезболла бүлэглэлийн гишүүдийн холбооны төхөөрөмж дэлбэрч, хэд хэдэн хүн амиа алдсан халдлага гарсан. Мөн Израилын арми Ливан дахь Хезболла бүлэглэлийн обьектуудад пуужингийн цохилт өгөх үеэр тус бүлэглэлийн удирдагч Насралла амиа алдснаас гадна 1000 гаруй оршин суугч амь насаараа хохирсон юм. Тэгвэл энэ долоо хоногийн эхээр Израилын хуурай замын анги нэгтгэл Ливаны хилийг давж, хязгаарлагдмал хүрээнд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээ мэдэгдээд байсан юм.
Харин Мягмар гарагт Ираны талаас Арабын улсуудыг эвлэлдэн нэгдэхийг уриалж, Израилын эсрэг тэмцэхийг уриалсныхаа дараа баллистик пуужингаар тэдний газар нутагт цохилт өгсөн байна. Агаарын цохилтын дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Иранчууд маш том алдаа гаргасан бөгөөд энэ агаарын цохилтын хариуг заавал төлүүлэхээ” анхааруулжээ.