Өнгөрсөн 4 удаагийн орон нутгийн сонгуулийн дундаж ирц 57 хувьтай байжээ

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль 10-р сарын 11-ний өдөр зохион байгуулагдана. Тэгвэл энэхүү сонгуульд сонгогчдын ирц ердөө 50 гаруйхан хувьтай байдаг байна. Энэ удаагийн сонгуулийн ирцийг хангах үүднээс улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, хөдөө орон нутгийн хаягтай улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор хангуулах тал дээр сех-ноос үе шаттай ажлууд зохион байгуулж эхэлжээ.

Өнгөрсөн 4 удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дундаж ирц 57 хувьтай байжээ. Сонгуулийн ирцэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол байнга оршин суудаг хаягаасаа өөр газар сурч, ажиллаж амьдардаг иргэд сонгуулиа өгөхгүй байх юм. Тэгвэл улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай улаанбаатар хотод сурч буй 120 мянга гаруй оюутан, улирлын чанартай ажил эрхэлж буй 1100 гаруй аж ахуйн нэгжид үндсэн хаягаасаа өөр газар ажиллаж буй 60.000 гаруй иргэн байна. ИТХ-ын сонгуулийн ирцийг хангах үүднээс улирлын чанартай ажил эрхэлж буй хүмүүс, хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч байгаа оюутнуудыг санал өгөх боломжоор нь хангуулах ажлуудыг СЕХ-ноос үе шаттай зохион байгуулж байна. Тодруулбал, хотод сурч буй оюутнуудын хувьд санал хураалтын өдөр Баасан гараг тул 3,4 дахь өдрүүдэд их дээд сургуулиудаас оюутнуудаа үндсэн хаяг дээрээ очиж саналаа өгөх боломжоор нь хангуулах үүднээс тухайн өдрийнх нь хичээлийг дараа нь нөхөх байдлаар зохицуулах зэргээр ярилцаж тохиролцсон байна. Харин уул уурхайн болон тээвэр ложистикийн компаниудын хувьд хуульд заасан үүргээ биелүүлж ажилчдаа чөлөө олгох мөн орон нутаг руугаа зорчиход нь зардал, унаа зэргээр дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагыг тавьж байгаа гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Зарим иргэдийн хувьд шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй, орон нутгийн харъяалалтай ч улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул сонгууль өгөх боломж тааруу байдгийг хэлж байгаа юм. Иймд заавал орон нутагт өөрийн харъяалалдаа очилгүй цахим хэлбэрээр иргэний үнэмлэхээрээ байгаа газартаа өгөх хүсэлтэй байгаа гэдгийг хэлж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль нь 2020 оны хуулиар зохион байгуулагдаж байгаа бөгөөд хуульд өөрчлөлт ороогүй тул яг өмнөх зарчмаар явагдана гэдгийг сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Цаашид цахим, урьдчилсан, шуудангаар зэрэг олон хэлбэрээр санал өгөх боломжийг нэвтрүүлэх шаардлагатай. Мөн тоон гарын үсгийн хэрэглээний түвшин нэмэгдэж байгаа тул дараа дараагийн сонгуулиар цахимаар, шуудангаар, урьдчилсан санал авах зэрэг боломжуудыг хангаж өгөх ёстой гэж үзэж байна гэдгийг хэлж байна.

Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нийт 8031 мандат байгаа бөгөөд 17400 гаруй хүн өрсөлдөнө.  Нам, нэр дэвшигчдийг бүртгэх ажил дууссан бөгөөд одоогоор саналын хуудсыг хэвлэх, санал хураах байрыг тохижуулах, техникийн хангамж зэрэг бэлтгэл ажлууд үргэлжилж байгаа юм байна. Мөн улсын хэмжээнд 2000 гаруй санал авах байр ажиллана.