Испанийн иргэд гадны жуулчдын урсгалыг таслан зогсоохыг эрх баригчдаасаа шаардаж, эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүйг илтгэх тоо баримт нийтлэгдсэн байна. Тухайлбал өнгөрсөн зуны гурван сард Испани улс 21.8 сая гадаадын жуулчин хүлээн авсан төдийгүй энэ нь түүхэн дээд үзүүлэлт нь болж бүртгэгдсэн байна.
Энэ зун Испанийг зорьсон жуулчдын тоог 2023 оны үзүүлэлттэй харьцуулахад 7.3 хувиар өсөн нэмэгдсэнийг тус улсын Үндэсний статистикийн хүрээлэнгийн тайланд дурдсан байна. Испани бол Францын дараа орох дэлхийн хоёр дахь том аялал жуулчлалын бүс нутаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 7-р сард 11 сая гадаадын жуулчин хүлээн авсан бол 8-р сард тоон үзүүлэлт нь бага зэрэг буурсан байна.
Испанийн Засгийн газраас аялал жуулчлал нь тус улсын сайн сайхан байдал, нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болж байгааг мэдэгдсэн ч жуулчдын тоо нэмэгдэж байгаа явдалд Испаничууд сэтгэл дундуур байгаа юм.
Учир нь жуулчдын хэт их төвлөрөл нь Испани улсын үл хөдлөх хөрөнгийн болоод орон сууцны түрээсийн өртгийг өсгөж, ресторан зоогийн газар, үйлчилгээний байгууллагын ачааллыг дээд цэгт нь хүргэснээр дотоодын оршин суугчдын хувьд нөхцөл байдал хүндэрсэн талаар гомдол тасрахгүй байгаа юм. Зуны улиралд Испанийг зорьсон жуулчдын дийлэнх нь Их Британи, Франц, Хятад, АНУ-ын иргэд байсныг албаны баримтад дурджээ. Тэгвэл Испани оны эхний найман сарын хугацаанд 64.8 сая гадаадын жуулчин хүлээн аваад байна.